Барилгын захиалагч нь "Гангар инвест" биш "Уран ган"
Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт буюу Зайсан дахь Хүүхдийн хорих 411 дүгээр ангийн зүүн талд барилгын суурь цутгахаар ухсан нүхэнд машин унаж, хоёр хүн амиа алдсан хэрэг баасан гаригийн 18.00 цагийн үед гарсан талаар бид өчигдрийн дугаартаа мэдээлсэн. Машинд зургаан хүн явсан бөгөөд тэдний хоёр нь газар дээрээ нас барсан.
Бусад нь хүнд гэмтсэн бөгөөд эдний нэг нь Эрчимт эмчилгээний тасагт байгаа бол, нэг нь аарцаг хавьдаа нэлээд хүнд бэртсэн гэсэн мэдээлэл байгаа. Ослын талаар сурвалжлахаар бид өнгөрсөн ням гаригт Хүүхдийн хорихын дэргэд баригдаж буй барилга руу очиход хашааны хаалга нь цоожтой, тэнд хүн байна гэж мэдэгдэхээргүй нам гүм байсан юм. Энэ үеэр хохирогчдын ахын утсыг олж холбогдоход "Би тухайн үед очоод шоконд орсон болохоор болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байна.
Ямар ч байсан тэр хавийн оршин суугчид "Гангар инвест" ХХК-ийн барьж буй барилга гэж хэлсэн хэмээсэн юм. Гэвч өчигдөр энэхүү ослын талаар дахин сурвалжлах явцад барилгын захиалагч нь "Гангар инвест" бус "Уран ган" ХХК болох нь тогтоогдсон. Тиймээс өчигдрийн дугаартаа осол болсон газарт "Гангар инвест" компани барилга барьж байгаа хэмээн мэдээлсэндээ тус компаниас хүлцэл өчиж байна. "Уран ган" нь социализмын үед Усны аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэр, засварын газар гэж байсны суурин дээр байгуулагдсан компани аж.
1963 онд байгуулагдсан эл компани өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлдээ өөрийн эзэмшлийн 46320 ам метр талбай бүхий газарт 70 гаруй ажилтан ажиллагсадтайгаар төмөр хийц эдлэлийн, бетон зуурмагийн, хөөсөнцөр болон сэндвичэн хавтангийн гэх үйлдвэрүүд, цахилгаан хөдөлгүүр ороох, сэргээн засварлах цех ажиллуулдаг юм байна.
Үүнээс гадна автомашин барьцаалан зээл олгох, агуулах байгууламжийн түрээсийн үйлчилгээ, барилга угсралтын ажил, каркас бүтээцийн угсралт, зочид буудал, саунын үйлчилгээ, снукер билльярдын төв болон автомашины дулаан гарааш, зогсоол гээд чамгүй олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг албан ёсных нь цахим хуудаснаас мэдэж болох юм билээ. Харин Хүүхдийн хорихын хажууд барилга барьж буй тухай мэдээлэл сайтад нь алга.
Тиймээс уг барилгыг тэдний компанийнх мөн эсэхийг тодруулахаар 990522... дугаартай утсанд холбогдсон юм. Тэгэхэд барилгын захиалагч гэдгээ хэлсэн төдийгүй барьж буй орон сууцныхаа талаар "Одоогоор захиалга аваагүй байгаа. Ам метрийнх нь үнийг ч тогтоогоогүй байгаа. Ирэх дөрөвдүгээр сараас тодорхой болох байх" гэсэн хариултыг өгсөн. Үүний дараа ослын талаар тодруулах гэтэл "Манайх Зайсанд байр бариагүй. Манай барилга биш" хэмээн уцаарлаад утсаа таслав. Тус компанийн гэх өөр хоёр ч дугаар олж залгасан боловч аль аль нь холбогдохгүй байлаа.
Кранаа ажиллуулсан бол хүний амь аврах байсан
Тиймээс бид ослын газарт дахин очсон юм. Барилгын талбай дээр хүн үзэгдэхгүй, ганц хамгаалагч л харагдав. Эргэн тойронд хаяа дэрлэн буусан айлуудаас ослын талаар асуухад тодорхой зүйл хэлэх хүн ховор байсан бөгөөд олонхи нь болгоомжилсон өнгөөр татгалзаж байлаа. Гэхдээ бид ослын газарт хамгийн түрүүнд очиж тусламж үзүүлсэн гэх гэрчтэй уулзсан юм. Тэрбээр Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суудаг бөгөөд овог нэрээ хэлэхийг хүсээгүй ч энэ хэргийн талаар ярьж өгсөн юм.
-Танай энд нэлээн ноцтой осол гарсан. Түүнийг харсан бас тусламж дуудсан хүн нь таныг гэлээ. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Өнгөрсөн баасан гаригийн орой 18.00 цагийн үед намайг гэртээ байхад гадаа нэлээн хүчтэй чимээ гарсан. Би юу болсныг хараад ир гэж охиноо гаргасан л даа. Гэхдээ охин юу ч болоогүй байна гээд ороод ирсэн. Түүнээс хойш арав орчим минутын дараа өөрөө гартал хажуу талд баригдаж буй барилгын хашаа нурсан байсан.
Цагдаагийн араас түргэн тусламжийнхан ирээд гэмтэж бэртсэн хүмүүсийг аваад явсан. Гэхдээ тэд маш их хугацаа алдсан.
Очоод хартал тэр хашаан доторхи суурийн нүхэнд машин уначихсан, дотроос нь гарч ирсэн бололтой хоёр хүн нэлээн бэртсэн байдалтай байсан юм. Би тэр дороо цагдаа дуудсан боловч хаяг тодорхойгүй гээд олохгүй нэлээд будилж, дахин дахин залгаж ер нь бол нэлээд цаг алдаж ирсэн л дээ. Цагдаагийн араас түргэн тусламжийнхан ирээд гэмтэж бэртсэн хүмүүсийг аваад явсан. Гэхдээ тэд маш их хугацаа алдсан.
-Цагдаа, түргэнийхэн иртэл тэднийг гаргах талаар юу ч хийгээгүй хэрэг үү?
-Барилгын хашаанд хүмүүс байсан. Тэгсэн хэрнээ хэн ч хөдлөөгүй. Магадгүй барилгын компанийнхан кранаа ажиллуулаад машиныг татсан бол хүмүүс амьд гарах ч байсан юм бил үү. Чухам яагаад хөдлөөгүйг мэдэхгүй, сандарсан юм болов уу даа.
-Осолд орсон хүмүүс чухам хаанаас ирсэн юм бол. Уулнаас бууж ирсэн байж таарах гээд байх юм?
-Миний сонссоноор уулан дээр байгаа айлд очсон гэсэн. Мөнгөлөг саарал машин өдөржин тэр айлын гадаа байсан. Тэр айлд хүмүүс байнга ирж бөөлүүлдэг гэсэн.
-Энэ барилга хэзээнээс баригдаж эхэлсэн юм бэ?
-Өнгөрсөн хавар эхэлсэн. "Уран ган" гэж компанийнх гэсэн. Гэхдээ гүйцэтгэгч нь Хятадын нэг компани юм билээ. Барилга дээр ихэвчлэн хятадууд ажилладаг. Одоогоор бол дотоод засал чимэглэлийн ажлаа гүйцэтгэж байгаа байх.
-Яг энэ барилгын суурь хийхээр ухсан нүхэнд өмнө нь бас нэг машин унасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үгүй байх аа. Манайх энд нүүж ирээд хоёр жил болж байна. Тийм зүйл болсон бол бид мэдэх ёстой доо. Огт сонсоогүй юм байна.
Цагдаа, эмнэлгийн зөрүүтэй мэдээлэл
Дараа нь бид осолд өртөж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгааг мэдэхээр тус эмнэлгийг зорьсон юм. Эмч нь "Сэхээнд байгаа өвчтөний хувьд уржигдар 14.00 цагийн үед ухаан орсон. Бас нэг хүнд нь эмчилгээ хийж байна. Аарцагны хүнд бэртэл авсан байна билээ. Үлдсэн хоёрынх нь хувьд гар нь бэртсэн, энгийн тасагт хэвтсэн" гэсэн мэдээллийг өглөө.
Гэтэл цагдаагийн байгууллагын мэдээнд уг ослын талаар "Хоёрдугаар сарын 21-ний өдөр ХУД-ийн XI хороо Зайсангийн хорих ангийн зүүн замд "КИАЙ групп" ХХК-ийн Toyota Land Cruiser Prado маркийн 74-87 УНӨ дугаартай автомашин барилгын суурь тавьсан нүх рүү унаж жолооч Н, зорчигч Д нар нас барж, зорчигч Г нарын найман хүн гэмтсэн" гэж байв. Хохирогчдын гэр бүл болон эмч нарын мэдээлж байгаагаар хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн бэртсэн. Гэтэл цагдаагийн байгууллагынхан хоёр хүн амиа алдаж, найман хүн гэмтсэн гэсэн зөрүүтэй мэдээллийг өгч байна. Цагдаагийн байгууллагын үзэж байгаагаар уг машинд нийтдээ арван хүн явсан бололтой.
Эл хэрэг "Макс өргөө"-гийн гүйцэтгэгч "Зун шин"-гийн араас орох уу
Улаанбаатар хотноо баригдаж байгаа барилгуудын чамгүй олон нь хятад ажилчидтай. Нэг үгээр захиалагч нь монгол, гүйцэтгэгч нь хятад компани байдаг. "Уран ган" ч тэдний нэг. Хямд зардлаар барилгаа босгох гэсэн компаниуд монголчуудыг биш хятад барилгачдыг илүүд үздэг. Гэтэл гүйцэтгэгчийн хариуцлагагүй байдлаас үүдэн монгол хүний амь үнэгүйдэж, мөрөөрөө явсан нэгэн үрэгдсэн тохиолдол он гарсаар хоёр дахь нь болж байна.
Шинэ жилийн дараахан "Макс өргөө" компанийн захиалгаар барьж байгаа "Crown center" төвийн барилга дээрээс төмөр унаж, "Ланд-200" маркийн машины жолооч газар дээрээ нас барсан хэрэг гарсан. Хариуцлага тооцох болохоор "Макс өргөө"-гийнхөн бид захиалагч хэмээн бултаж гүйцэтгэгч Хятадын "Зун шин" компани руу чихсэн байдаг. Уг нь "Макс өргөө" компанийг эл хэргээс ангид үзэх аргагүй ч мөнгөтэй хүмүүст мөлхөж үйлчилдэг хууль хяналтынхны ачаар өдгөө захиалагч "Макс өргөө" ч, гүйцэтгэгч "Зун шин" ч аль аль нь хариуцлага хүлээхээргүй болсон гэх сураг байгаа.
Уг нь "Crown center"-ийн ерөнхий ажил гүйцэтгэгчээр "Зун шин" ХХК 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байдаг. Хэдийгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 2013 оны долдугаар сарын 1-ний 06/103/44 дугаартай актаар ажлыг нь түр зогсоосон гэдэг ч харамсалтай нь хуулийг гууль болгогчдын "буянаар" хятад эзэнтэй "Зун шин" ажлаа үргэлжлүүлж,улмаар гэмгүй нэгэн монгол залууг гэрэлт орчлонгоос буцахад хүргэсэн билээ. Өмнөх хэргийг нь шийдвэрлээгүйн балаг өдгөө "Уран ган" дээр давтагдаж хятадуудын балгаар ээж охин хоёр амиа алдлаа. Гэхдээ энэ хэрэг "Зун шин"-гийн араас орж хохирогчийн буруу болоод үлдэх биз гэх хүн олон байна.
Цагдаагийнхны хэлж буйгаар талийгаач барилгын суурь болгож ухсан нүх рүү өөрөө уначихсан болж хэрэг шийдэгдэх талтай. Тэгээд ч тус компанийнхан уулнаас уруудсан машин эгцээрээ ирээд мөргөчихнө гэж бодолгүй модон хашаа босгосон хэмээн өөрсдийгөө өмгөөлж мэдэх л юм билээ. Хяналт тавьж шалгаж нягталдаг газрууд уг нь ийм эрсдлийг ч бодолцож элдэв шаардлагаа тавьдаг баймаар. Гэвч хэргийг дөнгөж шалгаж эхэлж буй тул элдэв дүгнэлт хийх нь эртдэх биз.
Тиймээс чухам яахыг цаг хугацаа харуулна хэмээн хүлээхээс өөр аргагүй ч өмнөхийнх нь толгойг илсний уршиг арынх нь бөгсийг долооход хүргэдэг гэдэг л болох вий дээ гэсэн болгоомжлол яах аргагүй төрж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!