Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ махны нийлүүлэлт зогсчээ

Н.Лхагва, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 25
Өдрийн шуудан
Хүмүүс шүлхийтэй холбоотойгоор мах ховордоно, үнэ нь өснө гэж ярьдаг юм билээ. Тийм юм байхгүй байх аа

Энэ хаврын cap урт, махны хэрэгцээ их, хажууд нь шүлхий гарч хөдөөнөөс мах нийлүүлэлт зогсч үнэ нь хаданд гарна гэж цуурах хүн ч байна.

Байдлыг газар дээр нь очиж үзэхэд харин ч эерэг дүр төрх ажиглагдаж байна.

Нийслэлийнхэн ганц “Хүчит шонхор” гэж явахааргүй дөрвөн дүүрэгт худалдааны том зах нээгдэж иргэдэд таатай боломж бүрдүүлжээ.

Хотын зүүн дүүрэгт “Баянзүрх худалдааны төв” гэж том зах нээгдэж дүүргийнхээ хангадаг болсон байх жишээтэй.

Хадгалж байгаад дараа жилд худалдъя гэж болохгүйгээс хойш мах хомсдоно гэсэн ойлголт байхгүй.

Цагаан сараас хойш “Хүчит шонхор” захад махны нийлүүлэлт зогсч худалдан авагчид ч тaтapcaн байна. Хаалгыг нь дэлгэсэн эгнээ чингэлгүүдэд хонины гулууз махнаас элбэг юм алга. Түүнээс худалдаж авч байгаа хүнийг харсангүй. Харин өнгөрсөн ням гаригаас хүмүүсийн хөл нэмэгдсэн гэнэ. Урьд нь машин хүн хоёр чихцэлдэж байдаг тус зах өчигдөр хөл хөдөлгөөн багатай байв.

Нэг олзуурхууштай нь тус захад нөөцийн махны бөөний худалдаа бий болсон байна. Нийслэлд 60 гаруй худалдааны цэгүүдээр нөөцийн мах худалдаалж байгаа гэнэ.

Сайн муу хэлэгддэг нөөцийн мах харин ч элбэг байгаа аж. Захын чингэлгүүдэд үхэр, хонины өнгө нь хатсан, хадгалалт муу болов уу гэмээр мах байна билээ. Хүмүүсийн ярих нь өнгө нь жаахан хатсанаас биш нөөцийн мах боломжийн юм байна.

Үнэ нь нэмэгдэхгүй байвал болж л байна гэцгээхийг сонслоо. Нөөцийн гэх хонины гулууз мах нэг кг нь 5600 төгрөг байна билээ.

Харин дотор лангуун дээр жижиглэнгээр 7200-7600 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн цул мах 9500, ястай нь 8700 төгрөгөөр, адууны цул 5500, ястайг нь 5200 төгрөгөөр худалдаж байна.

“Хүчит шонхор” худалдааны төвийн "Төрөл бүрийн махны худалдаа” гэсэн хаягтай худалдааны төвд дөрвөн эгнээ үргэлжилсэн урт лангуун дээр 40 гаруй худалдагч бүсгүйчүүдийн зарим нь бөөрөнхий төмөр билүүнд хутгаа хэд нийлээд махыг сурамгай нь аргагүй эвдчихэж харагдсан. Борлуулалт бага болоод тэр үү нэг худалдагч хонины махаа 7200 төгрөгөөр ав гэж байснаа болиод “Ах 7000-аар авчих” гээд буулгаж байна билээ. Махны худалдагч Цэцэгчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Хүмүүс шинэ мах уу гэж асуудаг юм. Өдий цагт яаж шинэ мах байх вэ дээ. Одоохондоо махны нийлүүлэлт муу байна. Сайн муу нь ямар байна гэхээс, намар нөөцөлж хадгалсан мах л гарч ирнэ шүү дээ. Ерөөсөө цагаан сарын дараа махны эрэлт жаахан сулраад эргээд хэвэндээ ордог юм. Би арав гаруй жил махны худалдаа эрхэлж байна. Махны эрэлт хэрэгцээ хэдийд ихэсч сулардгийг сайн мэднэ.

Хүмүүс шүлхийтэй холбоотойгоор мах ховордоно, үнэ нь өснө гэж ярьдаг юм билээ. Тийм юм байхгүй байх аа. Аж ахуйн нэгж, хувь хүмүүст нөөцөлсөн мах асар их байдаг.

Одоохондоо хүмүүсийн цалин мөнгө буугаагүй болоод ч тэр үү, нийлүүлэлт, борлуулалт аль аль нь муу байна. Цаад ченжүүд чинь хэдийд гаргаж ирэхээ мэддэг улс. Махыг тавдугаар сараас хэтрүүлж хадгалж болдоггүй. Ямар нэг байдлаар өнгө нь өөрчлөгддөг аж. Хадгалж байгаад дараа жилд худалдъя гэж болохгүйгээс хойш мах хомсдоно гэсэн ойлголт байхгүй хэмээн ярьсан. “Хүчит шонхор” зах дээр хонь, үхрийн дотор гэдэс, толгой гээд дайвар бүтээгдэхүүн огт харагдсангүй.

Харин томхон тортой нохойны хоолыг 2500 төгрөгөөр худалдаж байна. Адуу, ямааны мах тун ховор бололтой. Ганц нэг лангуун дээр тэмээний бөх бололтой том цагаан өөх харагдсан. Үнийг нь асуухад кг нь 3600 төгрөг гэсэн.

Өнгөрсөн намар Улаанбаатарт 12 мянган тонн мах нөөцөлсөн тэр нь талдаа ч ороогүй байгаа аж. Хүмүүс ихэвчлэн жижиглэнгээр мах авч байна билээ. Иймд хөдөө орон нутгаас махны нийлүүлэлт багасч хомсдоно гэж санаа зовохооргүй ажээ.

Зураг