Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотноо жил бүр зохион байгуулагддаг “Gulfood” үзэсгэлэн өнөөдрөөс эхэллээ. 25 жилийн түүхтэй уг үзэсгэлэн ресторан, кафе, хоол хүнс, ундааны салбарын дэлхийн хэмжээний хамгийн том үзэсгэлэн юм.
Тус үзэсгэлэнд 4200 үйлдвэрлэгчид хамгийн сүүлийн үеийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг байна.
Үзэсгэлэнд Алжир, Аргентин, Австрали, Канад, АНУ, Колумб, Дани, Египет, Индонез, Иран, Ирланд, Шри-Ланка, Тайвань, Тайланд, Их Британи, Турк, Арабын Нэгдсэн Эмирт зэрэг улс өндөр ач холбогдол өгч оролцдог аж.
Үүнээс гадна олон орны төрийн өндөр албан тушаалтан, хүнс, хөдөө аж ахуйн сайд нар ирж сонирхдог нэр хүнд бүхий арга хэмжээ юм.
Энэ жил анх удаа Монголын бизнес эрхлэгчид уг үзэсгэлэнд оролцохоор болжээ. Үүнтэй холбогдуулан Дубай хот руу энэ сарын 25-29-нд шууд нислэгтэй аялал зохион байгуулж байгаа аж.
“Ингэснээрээ дэлхийн хоол хүнсний хамгийн том үзэсгэлэнг хямд зардлаар үзэж, сүүлийн үеийн шилдэг бүтээгдэхүүн, техник технологитой танилцах боломжийг олголоо” гэж зохион байгуулагчид нь үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!