“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Монгол Улсын хүний эрхийг хамгаалах бодлогын баримт бичгийн талаар Төрийн ордоны Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулиудын хууль зүй, хүний эрхийн чиглэлээр хичээл заадаг багш нар болон хуульч, шүүгчдийн төлөөлөл, УИХ-ын зарим гишүүн, мөн Хохирогчдын нэгдсэн холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлөөс бүрдсэн нийт 90 орчим хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр өөрсдийн байр суурь ямар байх, ямар арга хэмжээ авах талаараа ярилцсан юм. Өөрөөр хэлбэл, тэд төрийн байгууллага хүний эрхийг хамгаалах, сэргээх бус үргэлж зөрчиж буйг шүүмжилсэн. Тиймээс эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээх ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсад хүний эрхийг хамгаалах тогтолцоог бий болгохыг төр засгаас “Иргэдийн шударга шүүх” ТББ шаардаж байгаагаа хэлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Манай улсын төр засгийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах талд ажил хийдэггүй
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Өнөөдөр Монгол Улсын төр өөрөө авлигажсан, данхайсан гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Үнэхээр манай улсын төр засгийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах талд ажил хийдэггүй. Дээд шатандаа бүгд авлигажиж, иргэний эрхийг зориуд зөрчиж байгаа. Хувиараа ажил эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шахаж дарамталдаг, хувийн бизнес рүү нь дураараа ордог, торгууль, шийтгэлээр айлгаж хуулиар далайлгадаг болсон.
Харин иргэдийн энэ алдагдсан эрхийг сэргээхийн тулд “Иргэдийн шударга шүүх” ТББ тэмцэж байгаад би хувьдаа талархдаг юм. Энэ талаар тэмцдэг Иргэний нийгмийн байгууллага олон болоосой гэж хүсч байна. Ийм сэтгэл зүрхтэй залуус УИХ-д олноор орж ирсэн цагт л хүний эрх сэргэнэ. Түүнээс наана төрийн байгууллагын авлигажсан, иргэний эрхийг зөрчсөн буруу тогтолцоо өөрчлөгдөхгүй” гэсэн юм.
Уг хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагыг толгойлж, иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэж яваад УИХ-ын гишүүн, дарга, сайд болсон хүмүүсийг урьсан ч ирээгүй. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Монгол Улсад хүний эрхийг хамгаалах бодлого байхгүй байна. Төрийн албан тушаалтан, УИХ-ын гишүүд хүний эрхийг хамгаалах талаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа. Миний хувьд өнгөрсөн 6-7 жилд сайн дурын үндсэн дээр иргэний эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо хүргэж, идэвхитэй ажиллаа. Гэхдээ бид хэчнээн идэвхтэй байсан ч төрийн албан тушаалтнууд ямар ч идэвхгүй, иргэний эрхийг хамгаалах ажил зогсонги байна.
Х.Бат-Ялалт: Эрх баригчид зөв шинэчлэл бус замбараагүй шинэчлэл хийж байгаа
Эрх баригчид зөв шинэчлэл бус замбараагүй шинэчлэл хийж байгаа. Хууль зүйн салбарт нэр алдрын төлөө, нэр томьёоны шинэчлэл хийгээд байна. Уг нь манай улсын хэмжээнд олон тооны хөтөлбөр хэрэгждэг. Миний боловсруулсан хөтөлбөрийг бодлого гэдэг талаас нь хараасай гэж хүсч байна. Манай улсад төдийгүй бусад улсад ч тэр, хүний эрхийг хамгаалах асуудлыг тунхаглал төдий явдаг. Хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн ч үнэндээ эрүүл аюулгүй орчин байна уу гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл үүнийг хангах эрх нь төрд байдаг. Манай улсад 2003 онд УИХ-ын 41 дүгээр тогтоолын хавсралтаар Хүний эрхийг хамгаалах хөтөлбөрийг баталсан. Харамсалтай нь хүний эрхийг хамгаалах, хангах хоёроо нэг ойлголт болгоод, холиод системгүй болгочихсон. Өнөөгийн холбогдох албан тушаалтууд нь энэ хөтөлбөрийнхөө талаар ямар ч ойлголтгүй сууж байна. Энэ талаар төрийн залгамж чанар байхгүйгээс болж хөтөлбөрийн ололттой талыг орхигдуулсан” хэмээн ярилаа.
Уг нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төр нь иргэнийхээ өмнө ямар үүрэг хүлээхийг хуульчилж өгсөн байдаг. Тодруулбал, “...нийгмийн баталгаа, хүний эрхийг хамгаална, зөрчигдсөн эрхийг сэргээнэ...” гэх мэт заалт бий. Гэвч энэхүү заалт бодит байдалд хэрэгждэггүйг оролцогчид шүүмжилж байсан юм. Түүнчлэн төрийн байгууллага тухайн ирэнд үйлчлэхдээ өмссөн, зүүсэн, хэл ярианы байдлаас ялгавартай ханддаг. Ер нь “Иргэд хууль мэддэггүй юм чинь эрхийг нь зөрчиж болно” гэсэн ойлголттой байдаг хэмээн хэлж байлаа. Тиймээс оролцогчид хүний эрхийг хамгаалах тогтолцоог бий болгож, иргэдийн эрхийг сэргээхэд цаашид хамтран ажиллахаа “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынханд дуулгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!