Улсын драмын эрдмийн театраас ажил амьдралын гараагаа эхэлсэн ч өдгөө "Хувьсал” продакшны үндсэн “бүтээгдэхүүн” болсон жүжигчин А.Ганчимэгийн өглөөний мэндийг эрэнгээ, уран бүтээлийн сониноос нь хуваалцлаа.
-Өглөөний мэнд.
-Өглөөний мэнд.
-Та өглөө хэдэн цагт босов. Өнөөдөр ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Эрт боссон шүү. Ойрд ажил ихтэй байгаа. “Хувьсал” продакшныхан маань “Хайр” хэмээх жүжгээ өлгийдөн авахаар тун ч завгүй байгаа шүү. Яг одоо Соёлын төв өргөөнд жүжгийн бэлтгэл дээрээ ирчихсэн байна.
-“Хайр” жүжгийн нээлт удахгүй болох гэж байгаа байх аа. Бэлтгэл хэр хангагдаад байна?
-Тийм ээ. Ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Цаг хугацаа давчуу учраас амжуулах ажил байна. Манайхан өдөр бүр бэлтгэл сургуулилалттай байгаа. Өнөөдөр 9:00 цагт цуглацгаасан, 23:00 цаг хүртэл бэлтгэлээ хийнэ. Дундуур нь мэдээж завсарлага бий л дээ.
-Жүжгийн гол дүрд та тоглоогүй юм билээ. Ямар дүр бүтээж байгаа вэ?
-Энэ жүжиг угаасаа хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй дүртэй. Хоёр эмэгтэйн дүрд Уранчимэг, Ганцэцэг эгч хоёр тоглож байгаа. Харин хоёр эрэгтэйд нь UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга, “А Capella” хамтлагийн дуучин, жүжигчин У.Мөнх-Од нар тоглосон. Жүжгийн найруулга дээр найруулагч Баатар ажиллаж байгаа.
Маш гоё жүжиг шүү. Миний хувьд харин би энэ жүжигт дүр бүтээгээгүй.
Арын албанд ажиллаж байгаа. Маркетингийн бүхий ажлыг би хариуцан ажиллаж байгаа. Зам дагуу байрлуулах сурталчилгааны самбараас авахуулаад бүхий л ажлыг хариуцах ажил надтай холбоотой.
-Жүжигчин мэргэжлээ маркетингийн менежрээр сольжээ. Энэ ажлынхаа хажуугаар өөр уран бүтээл дээр ажиллаж байна уу. Дэлгэцийн цөөнгүй уран бүтээлд тоглосон шүү дээ?
-Түр зуур ч болов тэглээ. Үнэнийг хэлэхэд тийм зав алга. Энэ ажлаа дуусгаж байж, дараагийн уран бүтээлдээ орно. Ямар нэгэн жүжиг, дэлгэцийн бүтээлд дүр бүтээж байгаа бол олон зүйлд санаархалгүй, түүндээ сэтгэл зүрх, цаг зав бүхнээ зориулах хэрэгтэй. Ингэснээр чанартай, сайхан бүтээл туурвиж чадна шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!