Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар холбогдох албаныханд үүрэг өглөө.
Нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн санд 48,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс нийслэлийн 9 дүүрэгт хувиарлалт хийж, тохижилтын ажлын жагсаалтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээн авч байгаа юм.
Иргэдийн оролцоотой, тэдний санал, санаачилгаар хийгдсэн тохижилтын ажлыг ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр боллоо.
Энэ жилээс эхлэн дүүргүүдийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг шинэчилж, иргэдийн оролцоотой, тэдний санал, санаачилгаар хийгдсэн тохижилтын ажлыг тус хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллахаар боллоо. Ингэснээр дүүргүүдэд зайлшгүй хийгдэх шаардлагатай, иргэдийн хүсч буй ажлыг тендер зарлан хугацаа, хөрөнгө алдахгүйгээр шийдвэрлэж, ажлын байрыг давхар бий болгох боломжтой болно гэдгийг нийслэлийн Засаг дарга онцолж байгаа юм.
Бүгд найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта, Соло хотод дээрх жишгээр иргэдийн оролцоотойгоор гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайгаа тохижуулж, бэлэн болсон ажлыг үнэлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэн худалдан авах зарчмаар ажилласан нь багагүй үр дүнд хүрчээ.
Тиймээс энэ туршлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлж цаашдаа Жакарта, Соло хотын жишгээр ажиллаж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах үүргийг дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!