Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хуваарилалт шударга бус улсын ард түмэн үргэлж хохирогч байдаг

Х. Батсайхан
2014 оны 2 сарын 21
Монголын мэдээ
Эдийн засагч Н.Дашзэвэг

Эдийн засагч Н.Дашзэвэг: Валютын ханш цаашид огцом өсөөд байвал ард түмний амьдралыг унагаана

Ам.долларын ханшийг өнгөрсөн жилийн оны эхэнтэй харьцуулахад 30 орчим хувь хүртэл өссөн байна. Энэ нь манай улсын гадаад бодлого алдагдалтай, төлбөрийн балансын алдагдал их байгаа нь гол нөлөөлөл нь болж байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт багассан явдал их нөлөөлж байгаа юм. Улмаар нүүрсний үнийн уналт их нөлөөлж байна шүү дээ.

Дээр нэрлэсэн шалтгаанаас болж ам.долларын ханшийн өсөлт их байна. Гэхдээ Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийг ингэж их хэмжээгээр унагах шаардлага байхгүй. Үүрэг ч байхгүй. Зөвхөн төгрөгийн ханшийг Монголбанк тогтвортой байлгах үүрэгтэй шүү дээ.

Н.Дашзэвэг: Монголбанк валютын ханшийн өсөлтөд стандарт бус арга хэмжээ авах хэрэгтэй.

Тогтвортой байлгана гэдэг нь огт хэлбэлзэхгүй гэсэн үг биш. Мэдээж дээшээ, доошоо хэлбэлзэнэ. Жилд 5-10 хувь хэлбэлзэх нь хэвийн зүйл байдаг. Тэгэхээр 30 хувь гэхээр өөрөө эдийн засагтаа сөрөг нөлөө авчирдаг. Тодруулбал, төсвийн зарлага талд сөрөг нөлөө авчирна. Манай улсын гадаад өр автоматаар нэмэгдэнэ. Одоогийн байдлаар 17 орчим тэрбум ам.долларын гадаад өр байна. Экспортлогч, импортлогчдын аль, аль талынх хэрэгцээг хангасан алтан дундаж ханш байх ёстой.

Гэтэл үүнийгээ олж чадахгүй байна. Тэгэхээр Монголбанк валютын ханшийн өсөлтөд стандарт бус арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл Төв банк стандарт аргаа хэрэглээд өөрийнхөө алт болон валютын нөөцийг шавхаж байна шүү дээ. Алтны нөөц хүртэл багасч байгаа. Ийм нөхцөлд стандарт бус аргаар эрэлтийг хангах ёстой. Түүнчлэн Монголын баялаг 20-30 хувь хямдарч байна. Энэ бол ард түмэнд асар их хохиролтой. Монголын импортын барааны 60-70 хувь гаднаас орж ирдэг.

Тэгэхээр энэ нь хэрэглэгчдэд маш хүндээр тусна. Инфляци хоёр оронтой тоонд байна. Тиймээс валютын нөөц, импорт, нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Цаашилбал, импортыг тодорхой хэмжээнд барих, хориглох арга хэмжээ авахгүй бол болохгүй пгүү дээ. Валютын ханш цаашид огцом өсөөд байвал ард түмний амьдралыг унагана. Дараа нь гадаад өр нэмэгдэнэ. Мөн улсын төсвийн зардал өснө. Улсын төсөвт ам.долларыг 1384 төгрөгөөр төлөвлөсөн.

Энэ байдлаас харахад улсын төсөв маш их алдагдалд хүрнэ. Ер нь сөрөг үзэгдэл их гарна шүү дээ.

Монголбанкны Еренхийлөгч Н.Золжаргал

Монголбанкны Еренхийлөгч Н.Золжаргал: Валютын орох, гарах урсгалаас хамаараад ханш чөлөөтэй хөвдөг

-Ханш гэдэг бол өөрөө эдийн засгийн гол “амортизатор”-уудын нэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, ханш яг тэд байх ёстой гэж тоо ярих зохимжгүй. Харин ханшийн хатуу дэглэмтэй улс гэж бол бий. Манай улс ч 20-иод жилийн өмнө тийм байсан. Одоо бол Монгол Улсад валютын ханш чөлөөтэй хөрвөдөг хэлбэртэй байна гээд УИХ тогтоол гаргаад заагаад өгчихсөн.

Харин энэ асуудал нэлээд хүчтэй хөндөгдөж байгаатай холбоотойгоор, мөн валют, шатахууны ханш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгаа учраас Монголбанк валютын интервенцүүдийг ойр ойрхон хийж эхэлсэн. Ер нь ийм орчинд ханшийг аль болох тогтвортой авч явах нь зөв л дөө.

Н.Золжаргал: Төв банк ханш руу оролцоод байх нь бодлогын болоод туршлагын аль аль талаасаа тийм ч зохимжтой биш юм.

Жирийн нөхцөлд бол төв банк ханш руу оролцоод байх нь бодлогын болоод туршлагын аль аль талаасаа тийм ч зохимжтой биш юм. Экспорт, импортын нөхцөл байдал буюу валютын орох, гарах урсгалаас хамаараад ханш чөлөөтэй хөвдөг нь ойлгомжтой.

Үүн дээр хэн ч маргахгүй байх. Маргаж байгаа хүмүүст нь бид нар хангалттай тайлбар өгчихсөн. Харин нөгөө талд нь ханш хэт сул юм уу, хэт чанга байх нь хэнд ашигтай болон муу нөлөөтэй юм бэ гэдэг талаас бид юу ч ярьсангүй.

Ханш хэт чанга байх нь Монголын ажил олгогч үйлдвэрлэгч нарт л муугаар нөлөөлнө шүү дээ. Байх ёстой төвшингөөсөө чанга байгаа ханш гэдэг чинь Улаанбаатарын ажлын байруудыг Эрээн рүү нүүлгээд байна гэсэн үг. Бид Эрээний импортоо л нэмээд байна гэсэн үг. Тиймээс асуудлыг аль өнцгөөс нь харах вэ гэдэг дээр маш нарийн тооцоо судалгаатай ярихаас биш зүгээр л ханш яриад байвал бид зөв, буруугийн алийг ч олж харж чадахгүй юм.

Сэтгүүлчийн дүгнэлт

Экспорт нэмэгдээсэй гэж найдъя

Онолын үүднээс авч үзвэл экспорт давамгайлсан улсад үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.долллартай харьцах ханш сул байх нь ашигтай байдаг гэдэг. Харин импорт давамгайлсан бол үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чанга байхад гэмгүй гэдэг юм гэнэ лээ. Мундаг эдийн засагчид улс орныхоо экспортыг нэмэгдүүлэх жилдээ үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулахыг эрх баригчиддаа зөвлөдөг, тэд ч энэ зөвлөгөөнөөс нь зөрдөггүй.

Хамгийн ойрын жишээ нь Бразил. Нефть олборлолтоор дэлхийд дээгүүр байр эзлэх болсон тус улс өнгөрсөн жилээс экспортоо огцом нэмэгдүүлж, үүнтэй холбоотойгоор үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулах арга хэмжээ авч эхэлсэн.

Энэ нъ ард түмний амьдралд хүндээр тусч байгаа. Хөлбөмбөгийн ДАШТ, олимпийн наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн нь ч үүнтэй холбоотой. Эндээс экспорт давамгайлсан улсад ам.долларын ханш өсөх нь ашигтай /гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад эергээр нөлөөлдөг/, гэхдээ ард түмний амьдралд хүндээр тусдаг гэсэн дүгнэлт хийж болно.

Импорт давамгайлдаг орны хувьд ам.долларын ханш аль болох бага байх нь ашигтай. Монгол бол импорт давамгайлсан, гадаад худалдааны тэнцэл хасах талдаа гардаг улс. Гэхдээ бас ч тэгтлээ хасах баланстай гардаггүй. Тэгэхээр, ирэх жил манай орны экспорт суга өсөөд импортоосоо алд дэлэм илүү гарчихгүй л бол амдолларын ханш аль болох бага буюу тогтвортой байх нь ашигтай болж таарч байна. Гэтэл Монголбанкны зүгээс ам.долларын ханш нэмэгдэж байгаад төдийлөн анхаарал хандуулахгүй, гадаад худалдаа нь үлэмж өсөх гэж байгаа улсын Төв банкны Ерөнхийлөгч шиг үг хэлж суух юм.

Ер нь бол Шинэчлэлийн Засгийн газрын хоёр сайдын асуудал яригдахад ам.долларын ханшийг хүчээр буулгасан гэдэгт би л хувьдаа итгэдэг. Төв банк нь ерөнхий чиг шугамгүй, эрх баригчдын бодлогыг хийж, улсын нөөцөөр тоглоно гэдэг тоглоом биш. Улс орны амин чухал судсан дээр сууж байгаа хүмүүс “Маргааш дайн болбол...” гэсэн үүднээс л асуудалд хандаж байх ёстой санагдана. Гэвч манайд тийм байж чадахгүй байна.

Төв банкны ерөнхийлөгчийн ярьж байгаагаас үзвэл, ам.долларын өндөр байх нь Монгол Улсад ашигтай юм байна, Зүй тогтлоор бол экспорт нь үлэмж өсөх жилээ үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулах бодлого барьдаг. Тэгэхээр ирэх жил манай улсын экспорт үлэмж нэмэгдэхийг мэдчихээд л ингэж байна гэж найдахаас. Ер нь бол валютын ханш өссөний ашиг нь улсад л ирдэг.

Ард түмэнд шууд очдоггүй. Тэгэхээр улс өөрт бий болгосон давуу байдлаа ард түмэндээ нялзааж чадахгүй л бол төгрөгийн сулралт ард түмэнд ашиггүй. Тиймээс хуваарилалт шударга бус улсын ард түмэн үргэлж хохирогч байдаг юм.

Зураг