Та биднийг ид нойрсож байхад цагдаа жолооч нарын ажил эхэлдэг. Ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө зүтгэх тэд үүрийн 05:00 цагт цугларна. Энэ удаагийн “Монгол улсын төлөө” булангаа Монголдоо хамгийн томд тооцогддог Цагдаагийн ерөнхий газрын авто баазаас бэлтгэлээ.
Цагдаа жолооч нарын ажил үүрээр эхэлдэг
Гадаа дөнгөж цагаан гэгээ орж байхад буюу өглөө 06:00 цаг өнгөрөөгөөд Цагдаагийн авто бааз дээр очлоо. Зарим нь аль хэдийн ажилдаа гарчихсан, авто баазын үүдэнд ажилдаа гарахаар эгнэн зогссон машинууд урт дараалал үүсгэжээ.
Энэ өдрийн зохицуулагч шалгах механикч цагдаагийн ахлах дэслэгч О.Пүрэв ажилд гарч байгаа жолоочийн бичиг баримт, хувцаслалт, техникийн бүрэн бүтэн байдал, гэрэл дохио, жолоочийн согтуурлыг нэг бүрчлэн шалган гаргаж байлаа.
Үүрээр ажилд гараад орой 23:00 цагийн үед гэртээ харих юм бол эрт харилаа гэж баярлана.
Мөн орж гарч байгаа машиныг бүртгэдэг дөрвөн жижүүр ээлжээр үүрэг гүйцэтгэж байна. Өглөө 08:00 цаг гэхэд 150-аад машин ажилд гарчээ. Хайлааст, Чингэлтэй, Хархорин гээд хотын захад гэртэй хүмүүс нь ч өглөө эрт ирчихсэн байлаа.
Нийтдээ 500 шахам офицер ахлагч энгийн албан хаагчтай Монголын цагдаагийн авто баазаас Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын хүрээнд шуурхай ажлын, эргүүлийн, эрүүлжүүлэхийн, хөдөлгөөнт эргүүлийн, жижүүрийн, замын эргүүл шалгалтын хөдөө ажлын, аж ахуйн үйлчилгээний гээд нийслэлд гарч байгаа бүхий л асуудлыг шийдвэрлэдэг жолооч цагдаа нар ажилдаа гардаг. Хүмүүс цагдаа гэж мэдэхээс биш цагдаа жолоочийн ажил хөдөлмөрийг тэр бүр мэддэггүй.
Ард түмнийхээ амар амгалангийн төлөө машинаа жолооддог, өргөсөн тангарагийнхаа төлөө хэв журмын ажлаа ч шуурхай гүйцэтгэдэг цагдаа жолооч нарын ажил барагдахгүй. Тус баазын жолооч цагдаагийн ахлах дэслэгч О.Чулуунбаатар “Өглөөний дөрвөн цагт ажилдаа гараад шөнө дунд гэртээ харих тохиолдол их байна. Эргүүлийн, замын эргүүлийн цагдаа нар 24 цагаар ажил уүргээ гүйцэтгэдэг. Үүрээр ажилд гараад орой 23:00 цагийн үед гэртээ харих юм бол эрт харилаа гэж баярлана.
Авто баазад ажиллаж байгаа цагдаа жолооч нар том жижиг гэлтгүй бүх төрлийн машиныг жолооддог байх ёстой. Гэнэт хөлөө явах тохиолдол гардаг учраас цаг ямагт бэлэн байдалтай байх” шаардлагатай гэсэн юм.Үүрээр энд л жинхэнэ амьдрал өрнөж байна. Авто буузын дарга, цагдаа жолооч, техникийн засварчид бүгд л ирсэн хэдэн байшингийн дунд холхиж харагдана.
Жолоочоос хурандаа болсон дөрвөн хүн бий
Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байгаа 300 гаруй цагдаагийн алба хаагчийн машиныг нэгдсэн удирдлагаар хангадаг газар бол энэхүү авто бааз. 1990 оноос Цагдаагийн ерөнхий газрын Автобааз гэж нэрлэгдэх болжээ.
Одоогоор захиргаа, техник үйлчилгээ засварын хэлтэс, ашиглалтын хэлтэс, санхүүгийн хэсэг гэсэн үндсэн бүтэцтэйгээр ажиллаж байгаа юм. Парк шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар явуулж байгаа гэнэ. Хашаан дотор 190 гаруй машины багтаамжтай гурван давхар шинэ граж байна.
Үүдэндээ орж гарах машины түлхүүрийг хүлээж авалцдаг ээлжийн харуултай юм. Мөн бүх төрлийн ангилал ахиулах жолооны сургалтыг явуулдаг аж. Үе үеийн мэргэжлийн багш инженер техникийн ажилтнууд ажиллаж ирсэн 80 жилийн түүхтэй энэ хамт олноос олон онц тээвэрчин төрөн гарчээ.
Энэ баазад мөн л гавьяат тээвэрчин Ж.Нүрдэн ажиллаж байжээ. Хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж жолоочоос хурандаа хүртэл дэвшсэн дөрвөн хүн бий.
Цагдаа жолооч нарын ар гэрийн асуудал орхигддог. Ялангуяа эрүүлжүүлэхийн цагдаа жолоочийн ажил их хүнд байдаг.
Энэ хүмүүс бол хорин настайдаа баазад жолоочоор ирээд 70 нас хүртлээ ажиллаж залуучуудтай зааж сургаж байгаа Цагдаагийн хурандаа Г.Хаянхярваа, Р.Санж, Ц.Батбаатар, өмнө нь авто баазыг удирдаж байсан цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Үржгээ нар юм. Анх жолооч хийж байгаад одоо авто баазын ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа цагдаагийн хурандаа Г.Хаянхярваа “Сүүлийн үед бүх хүмүүс л жолооч болсон цаг. Бидний үед жолооч гэдэг жинхэнэ мэргэжил байсан.
Анх энэ баазад жолоочоор орж ирж байхад залуучуудын сонин уншсан уу, өглөө радио хэдээс эхэлдэг гээд хашаа шүүрдүүлж хана будуулдаг байлаа. Шинээр орж ирж байгаа зарим цагдаа жолооч нар ачаалал даах чадваргүйгээсээ болоод шантрах тохиолдол байдаг.
Халуун хүйтэнд өдөр шөнөгүй ажиллана. Хол замд машин техник нь эвдэрч саатна гээд бэрхшээл мундахгүй. Цагдаа жолооч нарын ар гэрийн асуудал орхигддог. Ялангуяа эрүүлжүүлэхийн цагдаа жолоочийн ажил их хүнд байдаг.
Тиймээс ард түмэн, эх орныхоо төлөө сэтгэлтэй хүн л энэ албанд ажиллах ёстой” гэсэн юм. Монголын цагдаа жолооч нарын нэг өглөөний ажил ийнхүү өрнөсөөр...
Өглөө гарч өдөржин хэргийн хойноос сүлжин давхидаг хар алаг тэрэгтнүүд, дүрэмт хувцастай залуучууд авто баазаар дүүрэн байх нь бахархмаар.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!