Зүүн аймгуудад шүлхий өвчин гарсны улмаас зарим захад махны үнэ нэмэгджээ. Худалдаачид махны үнийг нөөц багассантай холбон тайлбарлаж байна.
Энэ талаар салбарын яамнаас ямар бодлого баримталж буйг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн М.Нармандахаас тодрууллаа.
-Зүүн аймгуудаар шүлхий өвчин гарснаас махны үнэ нэмэгдсэн гэж ярих боллоо. Энэ талаар тодруулаач?
-Манайхаас махны үнийн статистик мэдээллийг долоо хоног бүр гаргадаг. Сүүлийн долоо хоногт махны үнэ нэмэгдээгүй тогтвортой байгаа. Тиймээс махны үнэ ямар нэг байдлаар өсөөгүй. өмнө нь байсан үнээрээ худалдаалж байгаа.
-Худалдаачид шинэ махыг өмнөхөөсөө арай өндөр үнээр авч байгаа гэж хэлсэн. Зүүн аймгуудад хол хорио тогтоож махны нөөц багассантай холбоотой юу?
-Энэ бол цагаан сарын дараа гардаг хэвийн үзэгдэл. Учир нь баярын дараа хүмүүс хэсэг хугацаанд амардаг. Түүнчлэн өөрсдийн нөөцөлсөн хүнсээ хэрэглэдэг учраас шинэ мах худалдаанд бага гардаг. Гэхдээ гуравдугаар сараас махны эрэлт өсдөг учраас шинэ мах борлуулалтад ихээр гарч хэвийн байдалдаа орно.
Манайхаас махны үнийг тогтвортой барихын тулд Улаанбаатар хотод 12 мянган тонн мах, Дархан, Эрдэнэт хотод тус бүрд нь мянган тонн мах нөөцөлсөн.
Энэ махыг эрүүл ахуйн шаардлага хангахуйц агуулахад хадгалж байгаа. “Нарантуул” болон “Хүчит шонхор” захад нөөцийн махны бөөний худалдаа бий. Тиймээс хөдөө орон нутгаас мах орж ирэхгүйгээс махны нөөц багасахгүй.
-Цаашид махны үнэ тогтвортой байх уу?
-Бид махны үнийг тогтвортой байлгахын тулд ажиллаж байна. Төрийн бус байгууллагуудтай хамтарч мах худалдаалах төвүүдээр байнга ажиглалт хийж байгаа. Тиймээс махны үнэ өссөн тохиолдолд гарвал тэр дор нь арга хэмжээ авна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!