“Бөөдий” хүүхдийн дууны уралдаан ирэх сарын 17-нд болно.
Цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчдын дунд өрнөдөг “Бөөдий” дууны уралдааныг уг дууг зохиосон уран бүтээлчид, Монголын хүүхдийн ордонтой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ талаар соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъянгаас тодрууллаа. Тэрбээр “Бөөдий” дууны шүлгийг бичсэн ба уг уралдааныг санаачлагч юм.
-“Бөөдий” дууг мэдэхгүй хүүхэд гэж байхгүй болов уу. Энэ дуу анх хэдэн онд мэндэлсэн талаар яриагаа эхлэх үү?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ дууны шүлгийг би бичиж байлаа. Тэгээд урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараагаар аялгууг нь бичүүлсэн. Бага насны хүүхдэд тохирсон “хөөрхөн” дуу болсон гэж үздэг.
Бүтсэн цагаасаа л багачуудын дуулах дуртай дууны нэг болж чадсан болохоор жил бүрийн нэг өдрийг энэ бүтээлдээ зориулан олон нийтэд түгээхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хоолойгоор энэ дуугаа хүмүүст хүргэж байхыг хүссэн юм. Тиймээс “Бөөдий” дууны уралдааныг зохион байгуулдаг болсон. Хүүхдүүд ч дуулах дуртай байдаг.
-Уралдаанд хэдээс хэдэн насны хүүхдүүд оролцож болох вэ?
-Уралдаанд оролцох хүүхдийн насны ангилал хоёр янз. Тодруулбал, 4-6,7-9 насныхан дуулж өрсөлдөнө.
-Уралдаанд хөдөө орон нутгаас хүүхдүүд оролцдог уу?
-Энэ бол нээлттэй. Өнгөрсөн онуудад Дархан, Эрдэнэтээс хүүхдүүд ирж оролцсон. Холоос зорьж ирсэн ганц нэг нас хэтэрсэн хүүхдүүдийг шууд оролцуулдаг. Уралдааныг маань хүндэтгэн ирснийх нь төлөө шүү дээ. Өмнөх жилүүдэд 100 гаруй хүүхэд оролцож байсан.
Энэ жил ч гэсэн тэр багцаа байх болов уу гэж тооцоолж байгаа. Хэдийгээр оролцогчдод насны хязгаар тавьдаг ч дуулах дуртай хоёр гуравхан настай багачууд аав ээждээ хөтлүүлсээр ирдэг.
Тэдэнд ч үгүй гэж хэлж чаддаггүй. Угаас хүүхдэд зориулсан уралдаан учраас багачуудыг гомдоохыг хүсдэггүй юм.
-Ямар шалгуураар энэ уралдаанд оролцох эрхээ авдаг юм бэ?
-Цэцэрлэг, сургууль дээрээ урьдчилсан шалгаруулалтад ороод тэнцсэн хүүхдүүд “Бөөдий” дууны уралдаанд орох эрхтэй. Гэхдээ цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхдүүдийг оруулахгүй гэсэн ойлголт биш. Энэ дууг сурчихсан л бол сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй ч хувиараа бүртгүүлээд оролцож болно.
-Оролцсон бүх хүүхэд ганц “Бөөдий” дууг дуулж өрсөлдөнө гэсэн үг үү?
-“Бөөдий” дууг уралдааны үеэр заавал дуулах албагүй. Гэхдээ оролцогчдод тавих хамгийн гол шаардлага бол “Бөөдий” дууг сурсан байх ёстой. Тиймээс тайзан дээр өөр дуу дууллаа гэхэд шүүгчид заавал “Бөөдий” дууг дуулуулж үзнэ гэсэн үг.
-Амжилттай оролцсон хүүхдүүдийг хэрхэн урамшуулах вэ?
-Эхний гурван байрт шалгарсан хүүхдүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулахын caцyy оролцсон бүх хүүхдэд бэлэг өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|