"Бүх ард түмний хуралдай" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийж, МАХН-ыг татан буулгах асуудлыг Улсын дээд шүүхэд өргөн барьсан тухай мэдээллээ. Тус байгууллагын тэргүүн Б.Цэрэндорж хэлэхдээ "МАХН хоёр жилийн өмнө мэндэлсэн Монгол Улсын 20 дахь шинэ нам.
Түүнээс биш ууган МАХН биш. Бид энэ намтай нэгдэн ажиллахдаа шударга ёсыг тогтооно гэж бодож орсон. Гэтэл өнөөдөр МАХН-ын үйл ажиллагаа гэж хийж байгаа зүйл огт алга. Гишүүд нь УИХ, Засгийн газрын хэмжээнд орж ажиллаж байж дорвитой ганц ч ажил, алхам хийсэнгүй. Оюутолгойн асуудлын талаар өнөөдөр энэ намаас хэн ч дуугарсангүй. Тиймээс бид МАХН-ыг татан буулгах ёстой гэж үзэж байна" гэсэн юм.
Б.Цэрэндорж: МАХН бол гэр бүлийн нам, албан тушаал наймаацдаг нам
Тэрбээр цааш хэлэхдээ "Н.Энхбаяр бол гурван шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоосон хэрэгтэн. Өнөөдөр монголын ард түмэнд өөрийгөө мартуулахгүйн тулд 14 хоногт нэг удаа "Н.Энхбаяр эх орондоо ирэх гэж байна" гэсэн мэдээлэл цацаж бай гэж Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт даалгасан.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Н.Энхбаярын хийсэн маш олон бусармаг үйлдэлд хуулийнхан хавтаст хэрэг нээсэн байгаа. Үүнийг Н.Энхбаяр мэдсэн болохоор өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байна.
Эцэст нь хэлэхэд МАХН бол гэр бүлийн нам, албан тушаал наймаацдаг нам гэдгийг хэлье" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!