Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Киев хот цус, нулимс, гал дунд өглөөг угтав

П.Булган, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 20
Өдрийн шуудан

Киев хот лхагва гаригийн өглөөг цус нулимс, гал дунд угтлаа. Евромайданд эсэргүүцэгчид хийгээд хүчний байгууллагынхны хооронд мөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байна. Энэ сарын 18-ны орой 18.00 цагаас жагсагчдыг хүчээр тараах ажиллагааг эхэлсэн бөгөөд хотын бүх метрог хаагаад байгаа аж.

Мягмараас лхагва гаригт шилжих шөнө хүчний байгууллагынхан Майданыг эсэргүүцэгчдээс чөлөөлөх ажиллагааг эхэлжээ. Тэд ямар нэг байлдааны зэвсэг хэрэглэхгүй гэж байсан ч хуягт техник, гэрэлт бөмбөг, хүчтэй даралтат ус зэргийг босогчдын эсрэг ашиглажээ.

Киев хотын эмнэлгүүдэд ирэгсдийн ихэнх нь сумны шарх авсан байсан гэх мэдээлэл байна. Харин эсэргүүцэгчдийн хөдөлгөөнд оролцогчид шатах шингэн бүхий гар хийцийн шилэн бөмбөг болон мод чулуу зэргээр зэвсэглэсэн байжээ.

Ерөнхийлөгч Виктор Януковичийг эсэргүүцэж бүтэн дөрвөн сарын турш үргэлжилсэн жагсаалыг ийн хүчээр тараалаа. 

Сөрөг хүчнийхэн мягмар гаригт Дээд Радын /парламент/ ордны гадаа жагсаал хийх үеэр цагдаа нар болон эсэргүүцлийн хөдөлгөөнийхний хоорондын тэмцэл оргил үедээ хүрсэн юм.

Лхагва гаригийн шөнө Киев огтхон дуг хийсэнгүй хонолоо. Цагдаа нар шөнөжин Майданыг жагсагчдаас “цэвэрлэх” ажиллагааг өрнүүлэв. Тэнд болж буй дэлбэрэлтийн чимээ хотын төвд төдийгүй алслагдсан дүүргүүдэд ч сонсогдож байжээ. Мягмар гаригийн өдөр болсон мөргөлдөөний үеэр 20 гаруй хүн амь үрэгдсэн гэж байгаа ч харин шөнийн хэрэг явдал ямархан уй гашууг дагуулж байгааг одоогоор тооцоолоогүй байна.

Украины Дотоод хэргийн яамны мэдээлснээр цагдаагийн есөн албан хаагч амь үрэгдсэн гэж байна. Харин Эрүүлийн мэндийн яам эсэргүүцэгчдийн хөдөлгөөнд оролцогчдоос 11 хүн амь үрэгдэж, 110 гаруй хүн гэмтэж шархдсан гэж мэдээллээ.

Киев хотын эмнэлгүүдийн гадаа хэдэн зуун сайн дурынхан жижүүрлэж байна. Тэд шархдаж эмнэлэгт шууд ирж байгаа иргэдийг цагдаа нар баривчлахаас сэргийлж ийн хамгаалалтад гарсан гэнэ. Майдан дахь жагсагчдын майхан, түүнчлэн тэдний үйлдвэрчний байгууллага болон штаб байрлаж байсан барилгыг галдан шатаажээ.

Мягмар гаригт сөрөг хүчнийхэн Дээд Радын ордны гадаа тайван жагсаал хийж хамгийн гол нь тэд депутат нарт Украины Үндсэн хуулийг анхны хувилбараар батлахыг уриалах зорилготой байжээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын үндсэн шаардлага энэ Үндсэн хуулийн асуудал юм. Одоо хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн гарт ихээхэн эрх мэдлийг төвлөрүүлээд байгаа, харин 2004 оны Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь парламентын хүчтэй хяналт хязгаарлалттай байсан юм.

Жагсаал урьдын адил айван тайван болж , туг далбаа барьсан олон мянган жагсагчид, чанга яригч гэхчлэн ердийн дүр төрхөөрөө эхэлсэн ч гэнэт “эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй байна. Хүн буудууллаа” гэсэн чимээнээр тэр тайван байдал алдагдсан гэж эх сурвалж мэдээлж байна.

Харин энэ үед зэргэлдээх гудамжны нэгэн байшингийн таван давхарт хэдэн эрчүүд зураг авч байсан нь Украины аюулаас хамгаалахын ажилтнууд байжээ. Барилгын дээвэр дээр хоёр ч мэргэн буудагч байсныг жагсаалд оролцогчид нотолж байгаа аж.

Энэ үеэр цагдаа нар жагсагчид руу шууд халдан довтолсноор жинхэнэ аймшигт явдал эхэлсэн хэмээн тэнд байсан хэвлэл мэдээллийнхэн онцолжээ.

Европын холбоонд тус улсыг элсүүлэх гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан Ерөнхийлөгч Виктор Януковичийг эсэргүүцэж бүтэн дөрвөн сарын турш үргэлжилсэн жагсаалыг ийн хүчээр тараалаа. Харин одоогоор Ерөнхийлөгч ард түмэндээ хандан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Лхагва гаригийн шөнө Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний удирдагч Владимир Кличко нар уулзсан ч ямар нэг тохиролцоонд хүрээгүй бололтой. Кличко “Ерөнхийлөгч Виктор Януковичид би хүчний байгууллагынхнаа яаралтай эргүүлэн татаач.

Тэнд хүний амь үрэгдэж, цус урсч байгааг хэлсэн. Харамсалтай нь түүнд нөхцөл байдлын талаархи бодит төсөөлөл алга” хэмээн уулзалтын дараа мэдэгджээ. Украины хэрэг явдалд гадаад ертөнц хэрхэн хандаж байгаа нь тодорхойгүй ч НҮБ цус асгаруулах явдлаа яаралтай зогсоохыг Украинд уриалаад байна.

Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэлдээ “Энэ улсыг ардчилал, хөгжил цэцэглэлтийн замд аль болох хурдан эргүүлэн оруулах хэрэгтэй байгааг” сануулжээ. Тэрбээр энэ улсад яриа хэлцлийг эргүүлэн сэргээж, богино хугацаанд үр дүнд хүрэх боломжтой хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байна.

Зураг