Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гараад байгаа билээ. Одоогийн байдлаар дээрх гурван аймгийн 11 сумын халдварын голомтод 1886 мал өвчилсний 1816-ийг устгалд оруулаад байна.
Мөн хил залгаа Дорнод, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн 13 сум, нийслэлийн зургаан дүүргийн хилийн заагуудад зорчигч тээврийн хэрэгслийг шалган бүртгэх товчоо, улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрийн уулзваруудад байнгын болон хөдөлгөөнт эргүүл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа аж.
Тодруулбал нийт 264 цэгт 1247 хүн, 245 тээврийн хэрэгсэл буюу Байнгын хяналтын 160 цэгт 762 хүн, 129 тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт хяналтын 57 цэгт 242 хүн, 53 тээврийн хэрэгсэл, үзлэг тандалтын 11 цэгт 31 эмч мэргэжилтэн 12 тээврийн хэрэгсэл, устгалын 19 цэгт 165 хүн, 36 тээврийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн 17 цэгт 47 хүн, 15 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна. Харин шүлхийн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсээс давхардсан тоогоор 105 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тухайлбал Хэнтий аймгийн Галшар сумын халдварын голомтод ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн алба хаагчид “АРС” авто машин, Дорноговь аймгийн шүлхий өвчин гарсан дөрвөн сумын халдварын голомтод тус аймгийн нутагт байрлалтай ЗХ-ний 336 дугаар ангийн хоёр ширхэг “АРС”, Сүхбаатар аймгийн дөрвөн сумын халдварын голомтод Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангиас давхардсан тоогоор 58 алба хаагч, 10 тээврийн хэрэгсэл тус тус үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Өчигдөр Шадар сайд Д.Тэрбишдагва шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулах, өвчний тархалтыг зогсоох, өвчнийг тархаахгүй байх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудад өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!