Украйны аюулгүй байдлын талаар хэлэлцэв
Еврокомиссар Фюле Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичтэй тус улсын аюулгүй байдлын талаар ярилцсан тухай РИА Новости мэдээллээ.
Киевт хийсэн айлчлалынхаа үеэр Фюле В.Януковичтэй уулзаж, мөрдөн байцаах комисс байгуулах, өршөөл үзүүлэх хуулийг хэрэгжүүлэх, нийгэмд итгэлцлийг бий болгох талаар ярилцсан байна.
Тэрбээр “Би Украйны Ерөнхийлөгчид хоёр асуудлыг хэлэлцэх санал тавьсан. Бид өнөөдөр эхний асуудлаа хэлэлцлээ. Дараа нь хоёр дахийг нь хэлэлцэх боломж олдоно гэж найдаж байна” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.
Өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сард Украйны Засгийн газар Европын холбоотой нэгдэх яриа хэлэлцээгээ хойшлуулсныг украйнчууд эсэргүүцэн жагсаал цуглаан хийж эхэлсэн.
Жагсаал цуглаан сүүлдээ эмх замбараагүй байдалд хүрч, нэгдүгээр сарын 19-нд жагсагчид цагдаа нартай мөргөлдсөнөөс гурван хүн амиа алджээ. Сөрөг хүчин Засгийн газрыг огцрохыг шаардаж, Европын Холбоотой нэгдэхийг уриалж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
