Нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оюутан залуусыг оролцуулах санамж бичигт Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Монголын оюутны холбооны дарга Х.Батсайхан нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Монголын ирээдүй болсон оюутан залуус хотынхоо тохижилт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох өндөр хариуцлага хүлээв.
Санамж бичгийн уриалгад 94 их, дээд сургуулийн 170 мянган оюутан нэгджээ.
Санамж бичгийн хүрээнд “Ая тухтай Улаанбаатар” нэг сарын аян өрнүүлж, Улаанбаатар хотын их дээд сургуулиудаар “Ногоон хүрз”-ийг аялуулж, замын цас мөс, хог шороог цэвэрлэн, зүлэг цэцэг тарих аж. Түүнчлэн Улаанбаатар хотын тохижилтыг сайжруулах төслийн уралдааныг нийт оюутнуудын дунд зохион байгуулж, “Нэг оюутан, нэг мод” гэсэн уриатайгаар Оюутны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулан, нийслэлийн ногоон бүсэд байрлах лагерь, автобусны буудлуудын орчин тойрныг цэвэрлэх, улсын баяр наадмаар “Цэмцгэр Монгол наадам” зохион байгуулах, Оюутны хотхонуудын тохижилт хийх, түүх дурсгалын хөшөөг угаах гэх мэт олон ажлыг хийхээр болсон байна.
Эх орондоо хайртай иргэдийг төлөвшүүлж, хотынхоо бүтээн байгуулалтад оюутнууд өөрсдийн хувь нэмрээ оруулж, хотын соёлд олон нийтийг уриалан дуудах зорилготой энэхүү санамж бичигт 94 их дээд сургуулийн 170 мянган оюутан нэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!