“Digital” хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Тэд ойдоо зориулан олон ажил амжуулж байгаа гэнэ. Энэ талаар сонирхохоор хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эркатай холбогдож мэнд мэдэх зуур шинэ уран бутээлийнх нь талаар ч сонирхож амжив.
-Та нарыг хамтлагийнхаа ойд зориулан олон зүйл төлөвлөсөн гэж танилаас тань сонслоо. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Тийм ээ. Энэ жил манай хамтлагийн 15 насны төрсөн өдөр тохиож байна. 15 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ. Тиймээс бид ойгоо чадах чинээгээрээ өргөн тэмдэглэхээр хичээж байна. Хамтлагийнхаа төрсөн өдрийн тоглолтыг ирэх зун хийхээр төлөвлөсөн. Мөн хамтлагийнхаа цомог, DVD-r гаргахаар ажиллаж байна. Ажил ид ундарч байна даа.
-Яг одоо та хаана, ямар ажил амжуулж байна вэ?
-Бид “Хязгааргүй” нэртэй Монголын уран сайхны киноны дууг дуулсан. Энэ кинонд өнөөгийн нийгэмд байгаа бусармаг бүхнийг харуулж, түүний эсрэг байхыг уриалж буй утга санаатай. Маш гоё дуу байгаа. Энэ дууныхаа хоолойн бичлэгт орж байна. Манай хамтлагийн фэнүүдэд сайхан бэлэг болж чадна гэдэгт итгэж байна.
-Киноных нь нэр “Хязгааргүй”, харин дууных нь?
-“Амаа жимий, нүдээ нээ”
-Ойдоо зориулж буй хамтлагийн тань цомогт ямар дуунууд багтах вэ?
-Энэ цомгийг үнэндээ 2006 онд эхлүүлчихээд орхичихсон байсан юм. Тэр үеэс хойш хийсэн уран бүтээлүүдээс түүвэрлэсэн цомог гэж ойлгож болно. Тухайн үед гаргаж байсан “Чамдаа”, “Үг хайрлая” зэрэг дуунаас гадна сүүлд хийсэн “Гандан бууршгүй”, “Амьдралд тавтай морил” зэрэг дуу ч багтаж байгаа. Цомог дөрөвдүгээр сарын дундуур худалдаанд гарах болов уу.
-Хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Бааварын бие ямархуу байгаа вэ?
Яг үнэнийг хэлэхэд ойрд уулзалзаж амжаагүй л явна. Гэхдээ саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцож байхыг нь харсан. Сайхан л харагдаж байна билээ. Шинэ оны өмнөхөн Солонгос руу эмчилгээнд яваад арьсаа нөхүүлсэн. Түүнээс хойш өвчин нь харьцангуй гайгүй болсон шиг байна билээ.
-Монголын үе үеийн хип хопчид Бааварт зориулан хандивын тоглолт хийнэ гэж байсан. Эмчилгээндээ яваад ирсэн болохоор тэр тоглолт цуцлагдсан байх нь ээ?
-Тэгж ойлгож болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!