Эмх цэгцгүй гэсэн шүүмжлэлд өртдөг Улаанбаатарыг шинэ өнгө төрхтэй болгох журам энэ сараас хэрэгжиж эхэллээ.
Энэ нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам” бөгөөд өнөөдрөөс эхлэн гадна хаяг нь хотын өнгө төрхийг гутаасан үйлчилгээний газрууд дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг цагийн хуваарийг монгол хэл дээр, кирилл үсгээр бичиж, ил тод харагдахуйц газар байршуулахаар болж байна.
Түүнчлэн хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн сан, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар, түлхүүр олшруулах чиглэлээр талбай түрээслэх, зуух пийшин байрлуулан галлах, нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээг шинээр нээж ажиллуулахыг хориглолоо.
Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий мах, махан бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалах, төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хоригложээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!