2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 11 дүгээр анги төгсч байгаа болон их, дээд сургуульд элсэх элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд бага зэрэг өөрчлөлт орсон.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн сурагч хамрагдах вэ. Бүртгэлийн хугацаа хэзээ дуусах вэ?
-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 34 мянга орчим хүүхэд төгсч байгаа гэсэн статистик тоо бий. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд 40 мянга орчим шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх төлөвтэй байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэлсэн. Цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 21-ний 18:00 цаг хүртэл явагдана. Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаар орж, хуучин журмын дагуу бүртгүүлээрэй.
Элсэлтийн ерөнхий шалгалтаас нэг хоногийн өмнө бүх сурагчаас монгол хэл, бичгийн шалгалтыг авна.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд зарим нэг өөрчлөлт орсон гэсэн. Ямар өөрчлөлт орсон юм бэ?
-Засгийн газрын 37 дугаар тогтоол өнгөрсөн жил гарсан. Энэ тогтоолд их, дээд сургууль, коллежид элсэхээр бүртгүүлсэн нийт шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалтыг авна гэж заасан байдаг.
Энэ тушаалыг хэрэгжүүлэхтэй холбоотой элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бүх шалгуулагч монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болсон. Монгол хэл, бичгийн шалгалтаа өгсний дараа элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхээ авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, элсэлтийн ерөнхий шалгалтаас нэг хоногийн өмнө бүх сурагчаас монгол хэл, бичгийн шалгалтыг авна.
Шалгалтад орсон тохиолдолд бүртгэлийн хуудас дээр монгол хэлний шалгалтад орсон гэсэн тусгай тэмдэглэгээ шалгалтад орохоор сонгосон монгол хэлний шалгалт.
Энэ шалгалтаар сурагчдын цаашид сурах ерөнхий чиг хандлага, чадварыг тодорхойлох ёстой. Монгол хэлний шалгалт энэ жилийн хувьд босго оноонд нөлөөлөхгүй. Үндэсний хэмжээнд сурагчдын монгол хэл, бичгийн хэрэглээний төвшин ямар байгаа талаар чанарын үнэлгээ хийхэд гол зорилго нь оршиж байгаа юм. Дараа жилээс их, дээд сургуулийн босго оноотой холбох талаар төлөвлөж байгаа.
Монгол хэлний шалгалт энэ жилийн хувьд босго оноонд нөлөөлөхгүй.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байгаа сурагчдад зориулан Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр ном гаргадаг. Энэ жилийнх хэзээ гарах бол?
-Өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтад ирсэн даалгавруудыг эмхэтгэн ном болгон хэвлүүлдэг байсан. Номоо тодорхой хэмжээний үнээр худалдаалдаг байсан. Харин энэ жилээс боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст эдгээр эмхэтгэлүүдийг байршуулсан. Ингэснээр сурагч бүр 2006-2013 оны хооронд элсэлтийн ерөнхий шалгалтад ирж байсан материалуудыг он оноор нь татаж авах боломжтой болж байгаа юм
-Өнгөрсөн жил төгссөн ч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад орох гэж байгаа сурагчид бүх нийтийн монгол хэлний шалгалт өгөх үү?
-Тийм. Их, дээд сургуульд элсэхээр элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бүх сурагч өгөх ёстой.
-Цахим хаягаар бүртгүүлэх явцад ямар нэг өөрчлөлт орсон уу?
-Боловсролын үнэлгээний төв шар хуудас буюу суудлын хуваарийг жижиг цаасан дээр хувилан гаргадаг байсан. Бүртгэл дууссанаас хойш буюу тавдугаар сарын 15-наас хойш цахим хуудсаар орж шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ суудлын хуваариа хэвлэж авах боломжийг олгож байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!