Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн Тамгын газар ахмадуудаа хүндэтгэн хүлээж авав

ikon.mn
2014 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн сар шинийн босгон дээр үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Б.Тогтохбуян, Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат нар Төр, засгийн үйлчилгээний “Элит” цогцолборт ахмадуудаа хүндэтгэн хүлээж авч зоог барин Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа.

П.Очирбат: Ирж буй жилд монголчууд хийморьлог байх нь гарцаагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй ахмадууддаа сар шинийн мэнд дэвшүүлж сайн сайхны ерөөл дэвшүүлээд хийж бүтээж байгаа ажлаасаа танилцуулав. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Төрийн тэргүүний дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгыг өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлж, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмжин ажиллах үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж байгааг тэрээр онцлон хэллээ. Ирэх 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэнэ.” Энэ ойг Тамгын газрын бүрэлдэхүүн амжилт бүтээлээр дүүрэн угтахаар бэлтгэж байна” гээд уг ажилд ахмадуудаа оролцуулна гэдгийг тэмдэглэв.

Ахмадуудыг төлөөлж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат үг хэллээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Монголчууд бид морин жилийн босгон дээр ирээд байна. Морийг монголчууд эрч хүчтэй, цовоо сэргэлэн, хийморьтой амьтан хэмээн бэлгэшээдэг. Энэ морин жил “Ялгуусан” гэсэн тодотголтой. “Ялгуусан” гэдэг нь ялна гэсэн үг. Тиймээс ирж буй жилд монголчууд хийморьлог байх нь гарцаагүй.

Бидний үед Монгол Улс ардчилалд дөнгөж хөл тавьж, олон улсын тавцан дээр байр сууриа хэрхэн олох талаар ярилцаж бодлого гаргаж эхэлж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс дэлхийн улс орнуудтай эн тэнцүү байр суурь эзэлж, дэлхийн бодлого тодорхойлоход оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар олон шинэлэг ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байна. Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад бид үргэлж талархаж баярлаж байдаг” гэлээ.