Үгийн сайхныг хөгжмөөр амилуулсан амьдралын толь бол дуу юм. Дуугүйгээр хүмүүн төрөлхтөн, тэр дотор монголчуудын түүх хэзээд ч бичигдэж байгаагүй билээ.
Дуунд амьдрал, тэмцэл, аз жаргал, гуниг зовлон бүгд багтаж байдаг. Бас хүн амьдарч байгаа нийгмийн хөгжилд хөл нийлүүлэхдээ дуутайгаа л явдаг.
Тийм ээ. Дуу жигүүртэй ч гэдэг дээ. Сурагчийн, оюутны ширээнээс олж аваагүй амьдралын үнэнийг, мэдлэг хүмүүжлийг хүн дуунаас олж авдаг байх юм. Бас дууг он цагийн хэмжээс ч гэж болно. Жилийн жилд уламжлал болсон “Морин хуур” шилдэг дууны наадам ийм л юмыг хэлээд байх шиг.
Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын Үндэсний телевизээс хамтран зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам өнгөрсөн бямба гаригт 27 дахь удаагаа боллоо. Энэ наадам эхэндээ шилдэг хөгжмийн зохиолч, дуучинг шалгаруулдаг, сайхан үг бичсэн яруу найрагчийг урамшуулдаг гээд их өргөн хүрээнд зохиогддог байлаа.
Хорин жилийн өмнөхийг эргээд дурсвал түмэнд түгээж хит гээч болсон олон сайхан дуу бий. “Бодлын цагаан хун”, “Хөвсгөл далай”, “Дорнын цагаан саран”, “Бурхан бумбын орон”, “Сэвтээ нь үгүй сэтгэл” гээд тоочиж болноо.
Тэгвэл энэ жилийн наадамд нийт 104 “дуун хүлэг” уралдсанаас. 26 дууг гала концертод дуулуулж арван шилдгийг нь шалгаруулсан юм. Тэр дотор Б.Туяагийн “Гал голомт минь”, Цэвээнравдангийн “Идрийн гол”, Ариунболдын “Чамгүй намар” мэтийн сонсоод баймаар нь олон байлаа.
Шилдэг арваас цойлж ирсэн “морьд” нь гэвэл хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгийн “Хаадын зарлигтай монгол нутаг” хэмээх сүрлэгхэн үг, ая нь таарсан нэгэн ДУУ түрүүлж “Гранпри” шагнал хүртлээ. Монголдоо хөгжмийн цөөн эмэгтэй зохиолчдын нэг Д.Цэцэрлэг тийнхүү хоёр дахь удаагаа “Морин хуур””-т манлайлж мастер морин хуур, морин хуурын дүрс бүхий цом, мөнгөн шагнал хүртлээ. “Гранпри” хүртсэн дууны нь үгийг нөхөр Л.Гаваасүрэн нь бичсэн юм билээ.
Энэ наадамд аман хүзүүдсэн хөгжмийн зохиолч нь УГЗ Г.Алтанхуяг байв. Тэр “Морин хуур”-т бараг жил бүхэн дуу “уядаг”. Шилдэгт орсон нь ч олон байх.
Энэ удаа яруу найрагч О.Дашбалбарын “АмьдДаа бие биеэ хайрла” гэдэг гал цогтой шүлгийг хөгжмөөр амилуулан эстрад днгиллын дуу бүтээсэн нь бусдаас илүү доргио өнгө аяс мэдрүүлсэн юм. Гуравт Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав “Уулын хаан” дуугаараа “давхив”. Ноднин түрүүлсэн хүн дээ. Уяачаар бол тод манлай болчихсон байх учиртай гэж болом. “Морин хуур” дууны наадмыг зөвхөн хөгжмийн зохиолчоо л өргөмжилдөг болсон нь учир дутагдалтай юм гэж үзэгчид ярьж байхыг сонслоо. Үг, ая, дуучин гэсэн гурван хэлхээнд дуу бүтдэг болохоор үнэн үг байж магадгүи. Бас энэ наадам “Болор цом”-ыг бодвол шударга дуу болчихлоо гэсэн сэтгэгдэл төрүүлсэн юм.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тоглолтын өмнө сануулахдаа:
-Энэ наадмын шалгарсан дуу сайн ч байж болно, муу ч байж болно. Яагаад гэхээр өнөөдөр өгч байгаа үнэлгээ бол цаг хугацааны юм. Сайн дууг хожим нь олон түмэн шалгаруулчихдаг шүү дээ. Өнөөдөр муу гэсэн дуу маргааш хит болчихдогийг хэлж байна гэлээ.
Энэ үг мань хүн хэн нэгний дууг арын хаалгаар шургуулчихаад хаяагаа манаж байна уу даа гэсэн хөнгөн хар төрүүлсэн юм. Гэтэл наадмын дүнг сонсоод буруу бодлоо гээлээ. Эцэст нэгийг хэлэхэд томоохон хөгжмийн зохиолчид, яруу найрагчид наадамд ирдэг нь ховор болчихож. Ердөө дуунд дуртай үзэгчид л голдуу байсан юм даа..
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!