Ромын пап Франциск Украинчуудад энх тайвныг хүсэн Ватикан дахь Апостолийн ордны цонхноос хоёр тагтаа нисгэхэд энх тайвны билэгдэл рүү хар хэрээ, цахлай дайрсан “муу ёрын” хэрэг болжээ.
Тодруулбал нэгдүгээр сарын 26-ны өдөр Ромын пап Франциск Украинд болж буй хүчирхийллийг зогсоохыг уриалан үг хэлснийхээ дараа “Сахиусан тэнгэрийн мөргөл”-д оролцуулахаар уригдсан хүү охин хоёроор энх тайвныг билэгдэн тагтаа нисгэжээ.
Гэвч цагаан тагтаануудыг цонхоор дөнгөж нисгэмэгц цахлай, хэрээ дайрсан байна. Цахлай нэг тагтааны сүүлнээс нь зуурсан бол, нөгөө тагтааг нь хэрээ савардаж хэдэнтээ тоншжээ. Удалгүй Ватиканы талбайгаас хоёр тагтаа нисч одсон ч тэд талбайгаас нисч гарсны дараа хэрхсэн нь тодорхойгүй байна.
Украинд болж буй хүчирхийллийг нэн даруй зогсоохыг уриалж, энхийг билгэдэн тагтаа нисгэсэн ч тагтаанууд тэр дороо халдлагад өртснийг олон мянган сүсэгтнүүд “муу ёрыг зөгнөсөн хэрэг боллоо” хэмээн үзэж байгаа гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!