Дэлхийн халуун цэгийн нэг болсоор буй Украины нийслэл Киев хотноо өнгөрөгч амралтын өдөр 100 мянган хүн оролцсон жагсаал болов.
Өмнөх баасан гаригаас эхэлсэн энэхүү жагсаалд оролцогчид ням гаригийн шөнө Засгийн газрын ордон руу дайрахыг оролдож улмаар цагдаа нартай мөргөлдөөн үүсгэж, нэлээд хэдэн автобус шатаасан байна.
Жагсагчид цагдаа нарын зүг чулуу, лааз зэрэг зүйл шидэж, улмаар мөргөлдөөн хурцадсаны улмаас 94 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дийлэнх нь буюу 70 нь хамгаалалтын ажилтнууд байсан байна.
Энэ удаагийн жагсаал нь өнгөрсөн долоо хоногт Украины парламентаас яаравчлан баталсан Жагсаал цуглааны тухай хуультай холбоотой юм. Уг хуульд зааснаар ард иргэдийн жагсаал хийх боломжийг хязгаарлаж, улмаар жагсагчдыг хийн баг, дуулга өмсөхийг хориглосон байна.
Жагсагчид үүнийг эсэргүүцэж, баг болон улбар шар өнгийн хамгаалалтын малгай өмсч жагссан. Энэ талаар “Хууль зөрчсөн бүх үйлдэл дүрс бичлэгийн камерт бичигдэж байгаа” хэмээн Дотоод хэргийн яамнаас нь мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Украин дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Киевийн эрх баригчдыг жагсагчидтай хэлэлцээр хийхийг шаардсан байна.
Украиныг Европын холбоонд нэгтгэхийг хүсэгчдийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан олон хоног үргэлжилж, олон мянган хүнийг хамраад буй юм.
Жагсагчид ОХУ-ын нөлөөнд автаж, Украиныг Европын холбоо, чөлөөт худалдааны гэрээнд нэгдэхэд саад болсон Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардаж байгаа юм Ерөнхийлөгч Виктор Янкукович үүсээд байгаа улс төрийн хямралыг зохицуулах комисс байгуулах амлалттайгаар сөрөг хүчин болох Шинэчлэлийн ардчилсан холбоо намын тэргүүн Витали Кличкотой уулзсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!