Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Майданы талбайг “цэвэрлэхээр” төлөвлөжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Украины төр жагсагчидад төмөр нүүрээ харуулахаар шийдэн, “Евромайдан”-ыг цэвэрлэхээр төлөвлөж байгаа тухай “Украин. Долоо хоногийн толь” сонин Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлөөс эх сурвалж аван мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү “цэвэрлэх ажиллагаанд” дотоод цэргийн 4631 албан хаагч, 1460 цагдаа, “Беркут”-ын 1530 цэрэг оролцож Грушевскийн гудамж  болон Европын талбай дээр хяналт тогтоож, цаашлаад Майданыг бүрэн “цэвэрлэх” гэнэ.

Майданыг цэвэрлэх ажиллагаа жагсагчдын тооноос хамаарна гэж эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ энэхүү ажиллагаа хэзээ эхлэх болон цар хүрээний талаар эцэслэн тогтоогоогүй юм байна.

Энд сануулахад нэгдүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Киевийн төв хэсгийн Грушевскийн гудамжинд Украины засгийн газрыг эсэргүүцэгчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарсаар байгаа юм. Мөргөлдөөн гарсан эхний өдөр хэт даврагчид дотоод хэргийн ажилтнуудын бүслэлтийг сэтлэхийг оролдон, шатамхай бодис бүхий лонх шидэж, хууль сахиулах байгууллагын хэдэн арван албан хаагч гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн бол үймээн самуун үүсгэсэн хэрэгт сэжиглэгдэн 30 гаруй хүн баривчлагджээ. Түүнчлэн Майдан Незалежности буюу тусгаар тогтнолын талбай дээр эсэргүүцлийн арга хэмжээ явагдсаар байгаа билээ. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, яг одоо Тусгаар тогтнолын талбай дээр тусгайгийнхан жагсагчдыг тараахаар ирсний улмаас жагсагчид, хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн болж, үүний улмаас нэг хүн амиа алдсан талаар Украины телевиз шууд дамжууллаа.