Б.Баасанхүү, Л.Анхзаяа нарын 10 жүдоч Унгарын Их Дуулгад зодоглоно
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг Унгарын Их Дуулга тэмцээн энэ сарын 11-нээс 13-ныг дуустал болно. Урьдчилсан байдлаар 74 орны 578 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгчээ.
Тухайлбал эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 68 тамирчин өрсөлдөхөөр байгаа бол эмэгтэйчүүдийн 57, 63 кг-ын жинд тус бүр 31 тамирчин хүч үзэх аж.
Манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин бүртгүүлсэн байна. Эрчүүдийн 60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан, 66 кг-ын жинд Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Энхдөл, ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү, 52 кг-ын жинд Б.Уранзаяа, 57 кг-ын жинд Л.Сосорбарам, -78 кг-ын жинд О.Хүслэн нар барилдах юм.
Б.Баасанхүүгийн хувьд олимпоос хойш хэсэг хугацаанд завсарлаад өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатарын Их Дуулга тэмцээнд оролцсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
