Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Том Хэнкс: Хүү, охин хоёроосоо одоо хүртэл ичдэг

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг
Холливудын жүжигчин Том Хэнкс

“7D” сайтын сурвалжлагч Холливудын жүжигчин Том Хэнкстэй Лос-Анжелес хотын “Beverly Hills” зочид буудалд ярилцлага авсан байна.

Нэрт жүжигчин өөрийн гэр бүл, шинэ дүрийн талаар ярьсан бөгөөд Оскарын шагнал гардуулах ёслолын зоогт дуртайгаа хэлжээ.

-Та шинэ кинондоо да­хиад хэн нэгэн хүнийг гай зовлонгоос аврахаар болсон уу. “Saving Mr. Banks” кино аврал энэрлийн тухай таны хоёр дахь кино болж байна гэж ойлгож болох уу?

-Аан, “Saving Private Ryan” (“Цэрэг Райаныг авар­сан нь”) киног хэлж байна уу? Тийм ээ, тэгэхээр одоо гурав дахь киноны талаар бодох хэрэгтэй юм байна. 

-Тэгвэл хүлээнэ ээ. “Disney” студи “Mary Poppins” киног хийсэн түүхийн талаар өгүүлэх шинэ кинонд та Уолт Диснейн дүрийг бүтээж байгаа. Яагаад энэ дүрийг бүтээх болсон бэ?

-“Disney” компанийн ерөн­хий захирал Боб Айгер над руу утасдаад “Том бидэнд нэг чухал кино зохиол ирлээ. Уолт Диснейн тухай кино. Хэрвээ бид энэ кино зургийг авахгүй бол өөр студи авна. Тэгэхээр бид сэтгэлгүй мэт харагдаж болохгүй шүү дээ. “Disney” компани үүсгэн байгуулагчийнхаа тухай ки­но хийхээс татгалзаж бо­лохгүй. Тэгэхээр чи Уолтийн дүрийг бүтээхийг хүсч байна уу” гэж хэлсэн юм.

-Та тэгээд шууд зөв­шөөрсөн хэрэг үү?

-Тийм ээ, Бобын хүсэлтэд тат­гал­зах хэцүү байдаг л даа. (Инээв.) Би түүнтэй ярил­цах үедээ дүрд бэлтгэх ямар том ажил хүлээж бай­гааг ойлгож, бүр ам ха­таж байсныг санаж байна. Америкийн соёлын салбарын домогт хүний дүрийг бүтээнэ гэдэг тийм амар ажил биш. Гэхдээ хүнд хэцүү зүйлээс халшрах нь миний зарчимд байж болохгүй зүйл. Би бүр 1979 онд Нью-Йоркт ажлын гараагаа эхэлж, зүсэм талх­ны төлөө зүтгэж байхдаа Уолт Диснейн намтрыг ун­шиж байсан. Түүний ня­цашгүй, зөрүүд зангийн та­лаар уншаад шүтсэн. Ам­жилтад хүрэхээс өмнө Дис­ней их олон бэрхшээлтэй тул­гарч байсан ч хүүхэлдэйн кино хийх итгэлээ алдаагүй. Тийм агуу хүний дүрийг бүтээнэ гэдэг их боломж шүү дээ. Түүнээс гадна “Mary Poppins” зохиолыг бич­­сэн Памела Трэверс ки­нонд тоглох гэж байгаа нь сонирхолтой санагдсан. 

-Уолт Диснейн гэр бүл, төрөл төрөгсөд таны дү­рийн талаарх мэдээллээр тусалсан уу?

-Би түүний охин Дайен Дисней-Миллертэй олон удаа уулзаж ярилцсан. Тэр надад аавынхаа талаар ярьж өгсөн төдийгүй архивт бай­гаа бичиг баримттай танилцах боломж олгосон. Сан-Францискод байдаг Дис­нейн гэр бүлийн музейг очиж үзлээ. Мөн Диснейн найзууд болон түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүстэй танилцсан. Сонин зүйл их сонссон. Уолт өдөрт гурван хайрцаг тамхи татдаг, их ханиалгадаг хүн байсан учир түүний ирж явааг ажилтнууд нь ханиалгах чи­мээнээр мэддэг байжээ. Харин түүний тамхи татаж байгааг киноноос харахгүй. Уолт уушигны хорт хавд­раар нас барсан учир “Disney” студи кинонууддаа тамхи гаргахаас татгалздаг юм. Би бас Уолтийнх шиг живэр сахал ургуулсан. На­дад таалагдаж байгаа ч эхнэр минь дургүйцэж бай­гаа. Рита надаас киноны зураг авалт хэзээ дуусахыг асуухдаа дотроо “Чи наад тэнэг сахлаа хэзээ хусах юм бэ” гэж боддог байх. (Инээв.)

-Сахал ч бас хэцүү л дээ. Та жүжигчид дүр бү­­тээхийн тулд эрүүл мэндээ­рээ хо­хирох тохиол­дол гар­даг талаар саяхан хэлж байсан ...

-Тийм ээ, эмч нар на­майг хоёр дахь хэлбэрийн чихрийн шижинтэй гэсэн онош тавьсан. Би жингээ байнга өөрчилдөг нь өвдөх нэг шалтгаан болсон байх. Жишээ нь, 1992 онд “A League of Their Own” кинонд тоглохдоо 13 кг таргалсан бол 2000 онд “Cast Away” киноны дүр бүтээхдээ 22 кг турж байсан. Тэр үед би дөнгөж 50 кг жинтэй болж билээ. Харин одоо 85 кг. Би 57 нас хүрсэн хүн болохоор жин хасах эсвэл нэмэх дүр санал болговол зөвшөөрөхгүй гэж бодож байгаа. Мэдээж хоолны дэглэм барьж, эрүүл мэнддээ анхаарал та­вих хэрэгтэйг ойлгосон. Эхнэр намайг дэмжиж байгаа. Гэхдээ намайг их идэх дуртай гэдгийг мэднээ. Пицца бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн сайн хоол шүү.

-Завгүй ажилладаг танд гэр бүл, ойр дотныхондоо зарцуулах цаг гардаг уу?

-Олон жилийн прак­тикаар ажил, хувийн амьд­ралаа тэнцүү хуваарилж сурсан. Өмнө нь эхнэр хүүхдээ кино зураг авалтад дагуулаад явдаг байлаа. “Sleepless in Seattle” киноны зураг авалтын дундуур чөлөөт цагаараа бид усны цанаар гулгаж байсныг санаж байна. Ер нь эхнэр бид хоёр их жаргалтай амь­дардаг. Өнгөрсөн онд хамт амьдарсан 25 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тийм удаан хамтдаа амьдарсан гэхэд итгэмээргүй юм. Хоёр жил хамт амьдарсан байх гэмээр. (Инээв.) Рита бид хоёр юунаас болж муудалцдаг вэ гэхээр хэн нь хэндээ илүү их хайртай талаар маргалддаг. Надаас нууц амрагийн тухай битгий асуугаарай.

Учир нь надад байхгүй. Рита за­римдаа эхнэр гэхээсээ илүү найз, ээж, нууц амраг шиг л санагддаг. Би түүнгүйгээр амьдралаа төсөөлөхгүй бай­на. Би Ритатай хамт амь­дарч эхлэх үедээ “Бидэнд бүх зүйл яагаад ийм амар­хан, энгийн байгаа юм бол. Магадгүй жинхэнэ зо­хилдолгоо юм болов уу” гэж бодож байснаа санадаг.

-Гэргий тань таныг их халамжтай нөхөр гэж сая­хан хэлсэн байсан. Та өөрөө юу хэлэх вэ?

-Надад хоёр заль байгаа. (Инээв.) Би Ритад зориулан өдөр бүр жижиг зурвас би­чээд утас юм уу, кофе чанагчийн дэргэд үлдээдэг. Зурвастаа өдрийг сайхан өнгөрөөхийг хүсэх зэрэг юм бичнэ. Би хуучны бичгийн машинууд цуглуулах хоб­битой. Надад зуу гаруй бичгийн машин байгаа болохоор жижиг зурвас бичдэг. Хэнтэй уулзсан, хаана зураг авалт болсон, өдрийн хоолонд юу идсэн гээд л зургаа явуулах нь түүнд таалагддаг юм шиг байна лээ. Би аз жаргалтай, удаан хугацааны гэрлэлтээ их хүндэлдэг. 

Гэхдээ намайг үргэлж л ийм үлгэр жишээч байсан гэж битгий бодоорой. Залуудаа их олон алдаа гаргасан хүн. Би 20 гараад анхны эхнэр Самантатай гэрлэсэн. Тэр үед би гэр бүлийн хариуцлагад бэлэн биш байжээ. Бид салсан. Одоо хүртэл би гэр бүлээ авч үлдээгүйдээ хүү, охин хоёроосоо ичдэг юм. Гэр бүл салахад хүүхдүүдэд их хэцүү байдгийг би мэднэ. Аав, ээж хоёр минь намайг дөрвөн настай байхад салсан. Би аав, ах, эгчтэйгээ өссөн. Ээжтэйгээ хааяа уулздаг байлаа. Аав дараа нь олон удаа эхнэр авсан. Ээж ч нөхөрт гарсан юм. Тэдний шинэ гэрлэлтээс нийтдээ 16 хүүхэд төрсөн. (Инээмсэглэв) 

-Гэхдээ таныг “Холливу­дын хамгийн сайн залуу” гэж нэрлэдэг шүү дээ...

-За, үүнтэй маргахгүй ээ. (Инээв.) Заримдаа тийм учраас л надтай амьдрах, ажиллахад хэцүү байдаг байх. Би өөрийнхөө үйлдэл бүрийг их хянадаг. Зарим хүн орой унтахдаа “Өнөөдөр сайхан өдөр байлаа” гэж боддог байх. Харин би “Би ямар нэгэн зүйл буруу хий­гээгүй байгаа. Хэн нэгнийг гомдоосон юм биш биз” гэж бодно. Түүнээс гадна би худлаа хэлэхийг үзэж чаддаггүй. Ойр дотныхон маань миний “Хэрвээ надад худлаа хэлэх юм бол муу зүйл болно” гэдэг дүрмийг сайн мэднэ. Манай гаригийн бүх хүний 80 хувь нь сайн хүмүүс гэж би итгэдэг. Харин үлдсэн нь худалч, хулгайч. Миний нууц бол их энгийн, тийм хүмүүсээс хол байх явдал.

-Хүүхдүүд, ач охид чинь таныг биширдэг байх...

-Хүүхдүүдийнхээ хү­мүүжлийн хувьд би их хайнга хүн. Би хүүхдүүддээ хангалттай цаг гаргаж ча­­дахгүй байгаа юм шиг са­нагддаг. Заримдаа киноны зураг авалтаас болоод нэг­нийх нь төрсөн өдөрт очиж амжихгүй, дэмий зүйлээс болоод хашгирах тохиолдол гарна. Хүүхдүүдээ хүмүү­жүүлэх миний гол арга бол тэдэнд хэрэгтэй байгаа асуултыг тавьж, зөв хариулт олоход нь туслах явдал. Мөн би бага хүү Трумэндээ скутер авч өгснийхээ дараа өөрөө унаж үзмээр санагдаад хамтдаа скутерээр явах бол­сон. Мөн ач охидтойгоо хамт байхыг хичээдэг. 

-Диснейлэндэд ач охид­тойгоо очсон уу?

-Том ач охин Оливия­тайгаа хамт Диснейлэндэд очсон. Бид тэр өдөр тэнд зураг авалттай байсан юм. Винни-Пухийн адал явд­лыг харуулах тоглолт үзэхдээ би ач охиноо баяр­луулж, тоглуулсандаа их баяртай байлаа. Чанга хөгжим, ярьдаг Виннигээс айж бай­сан ч ач охин минь энэ дур­самжаа байнга санана шүү дээ. Тэгээд Уолт Диснейн дүрд тоглосон тэнэг өвөө нь түү­нийг адал явдлын галт тэргэнд суулгаж байсныг мартахгүй байх. Солиотой өвөөгийн нэг жишээг би өөрт тань ярилаа. 

-Та Оскарын шагнал хоёр удаа хүртсэн. Харин энэ онд “Captain Phillips” киноны дүрээр Оскарын шагналд нэр дэвшихээс татгалзсан. Ер нь нэр хүндтэй байх ямар байдаг вэ?

-Алдар нэртэй байна гэдэг бол дорой байна гэсэн үг. Үнэн хэрэгтээ би алдар нэрээр юу хийж чадах вэ? Байгалийн жамаараа л амь­дарч байгаа. Оскарын шагналын тухайд би шагнал гардуулах ёслолд очих дур­тай. Ёслолын өмнөх өглөө­ний зоогт дуртай. Их амт­тай боорцог өгдөг юм. Уригдсан зочдыг үнэгүй зоогоор дайлдаг. Гэхдээ би одоо хоол идэхээ багасгах хэрэгтэй. Эхнэртээ болон эмчид жингээ хасч, эрүүл болно гэж амлаад байгаа.

Зураг