Опра Уинфригийн шоу дэлхий даяар алдартай, хэдэн сая үзэгчийг дэлгэцний өмнө уяж чаддаг нэвтрүүлэг. Тиймдээ ч алдартнуудын хувьд энэ нэвтрүүлгийн урилга хүлээж авна гэдэг нэр хүндийн хэрэг байдаг бол алдарт дуучин Ашер энэ ток шоунд гурван жил “гуйлгасны” эцэст оролцжээ.
-Чи яагаад гэнэт одоо ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн юм бэ?
-Зүгээр л ярихаар шийдсэн. Миний талаар сайн муу олон л мэдээлэл тархдаг ч би энэ бүхэнд хариулт өгөхийг хүсээгүй юм. Харин одоо хожим нэг өдөр хүүхдүүд маань олж харах тэр мөчийг би баримтжуулан үлдээхийг хүссэн.
\Тамека Фостер Ашерын стилист байсан. Тамека өмнөх гэрлэлтээсээ нэг хүүтэй үлдсэн, харин 2007 онд Ашерын хүүхдийг тээж байх үедээ тэд гэрлэжээ. Гэвч гэр бүлийн харилцаа бат бэх байсангүй. 2009 онд гэр бүл салах асуудлаа тэд цэгцэлж эхэлсэн. Харин хүүхдүүдээ хэн нь авч үлдэх вэ гэсэн асуудал удаан хугацаанд шийдэгдээгүй байсан юм. Гэр бүл салахад хүүхдүүд ихэвчлэн ээж дээрээ үлддэг бол энэ удаад шүүх өөр шийдвэр гаргаж, дуучин Ашер Реймонд хоёр хүүгийнхээ гол асран хамгаалагч болжээ\
-Шүүхийн шийдвэр гарахад гайхсан уу?
-Маргаан их гарсан, хүмүүс ч янз бүрээр хүлээж авч байлаа. Нэг хэсэг нь намайг асран хамгаалагчаар үлдэхэд баярлаж байхад нөгөө хэсэг нь гайхаж байсан. Аргагүй шүү дээ. Ихэвчлэн ээж нь л хүүхдүүдийнхээ асран хамгаалагч болж үлддэг хойно. Гэхдээ шүүгч үндэслэлтэйгээр ийм шийдвэр гаргасан гэдгийг л хэлж чадах байна.
\Ашерын хурим тансаг болно гэсэн яриа гараад байлаа. Энэ хуриманд сая орчим доллар зарцуулсан байсан ч ёслол эхлэхээс дөрвөн цагийн өмнө хурим цуцлагджээ. Үүний гол шалтгаан нь дуучны ээж хүүгийнхээ ирээдүйн эхнэрт дургүйн улмаас хуриманд ирэхээс татгалзсан явдал байв. Тиймээс Ашер, Тамека нар хоёр долоо хоногийн дараа өмгөөлөгчийн өрөөнд гэрлэлтээ батлуулжээ. Хуримын ёслол ч хийв, гэвч Ашерын ээж мөн л ирэхийг хүсээгүй юм\
-Бүгд л таны гэрлэлтийн эсрэг байсан юм биш үү? Ээж чинь хүртэл хуриманд ирэхийг хүсээгүй юм байна шүү дээ?
-Энэ гэрлэлт зөв шийдвэр гэдэгт итгэхгүй байгаагаа ээж үргэлж л хэлдэг байсан. Тэгээд хуриманд ирээгүй, би үнэхээр их шаналсан. Ээж маань намайг дэмжээсэй гэж хүсч байлаа. Би өөрийгөө зөв алхам хийж байна гэж бодож байсан. Тамекад дурлаж, тэр хүүхдийг маань тээж байх тэр үед гэрлэлт бол маш чухал хариуцлагатай алхам гэж бодож байлаа. Гэвч ээж намайг дэмжээгүй, энэ гэрлэлтийг тэвчиж чадаагүй. Гэхдээ түүнд их хэцүү байсан гэдгийг би ойлгож байна л даа. Ээж маань ганцаараа намайг өсгөсөн, бид үргэлж л хамт байдаг байлаа. Ер нь ч ганц бие ээжүүд хөвгүүдээ илүү их асардаг шүү дээ. Миний хүүгийн энд хүрэх хэн ч байхгүй гэж ганц бие ээжүүд боддог, ээж маань ч тэр. Гэхдээ энэ нөхцөлд түүний энэ авир намайг үнэндээ их гомдоосон.
\Ашер болон Тамекагийн гэрлэлтийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байлаа. Учир нь сүйт бүсгүй Ашераас найман насаар эгч байсан юм. Тиймээс Тамекаг дүү залуусын толгойг эргүүлэгч, мөнгөний төлөө үхэн хатан хөөцөлдөгч гэж нэрлэж байлаа. Энэ шуугианд гал дээр тос нэмсэн хүмүүс нь мөн л хэвлэл мэдээллийнхэн байсан юм\
-Олон нийтээс ирэх дарамт шахалт хэр байв? Тамека та хоёрын харилцааг хэвлэлийнхэн, шүтэн бишрэгчид чинь янз бүрээр л хүлээж авч байсан.
-Үнэхээр дарамттай байсан, энэ нь бид хоёрын харилцааг сэвтээхэд нөлөөлсөн гэхэд болно. Хүн бүр янз бүрээр яриад ирэхээр өөртөө итгэх итгэл алга болдог юм билээ. Намайг хайрладаг, миний дуунд дуртай хүмүүс насан туршдаа хамт амьдрахаар шийдсэн бүсгүйг маань хүлээж авахгүй байгаа нь үнэхээр гомдмоор байсан л даа. Заримдаа харилцааныхаа талаар хэвлэлийнхэнд илэн далангуй яридаг байсан ч одоо бодоход дэмий л зүйл хийж байж дээ. Энэ чинь миний хувийн л хэрэг шүү дээ.
Хүн бүр янз бүрээр яриад ирэхээр өөртөө итгэх итгэл алга болдог юм билээ.
\2012 оны долоодугаар сарын долооны өдөр Тамека Фостерын дагавар хүү Гловер осолд оров. Түүнийг Атланта дахь нуурын эрэг дээр амарч байх үед нь мотортой завьтай эр дайрчээ. Эмч нар түүнд тархи үхэжсэн гэсэн онш тавив. Ингээд долоодугаар сарын 21-ний өдөр Ашер болон Тамека нар Кайлыг аппаратнаас салгахыг зөвшөөрч, Кайл Гловер 11 насандаа нас баржээ\
-Одоо та хоёрын харилцаа ямар байгаа вэ?
-Бид хоёр уулзалдахгүй байгаа. Шүүхээс шийдвэр гараад, хүүхдүүдийг ээжтэй нь яаж уулзуулах хуваарь гаргасан. Би ч журмыг зөрчихгүй байхыг хичээж байна. Өмнө нь би Тамекагийн хувьд найз нь байлаа, би өөрөө тэгэж боддог байсан. Гэвч тэр өөрийн буруугаас болж энэ нөхөрлөлийг сүйтгэсэн, дахиж сэргээнэ гэдэгт итгэхгүй л байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!