Өмнөд Солонгосын үндэсний сүлжээ дэлгүүр GS25-ын нэг салбар шигшээ багийн дасгалжуулагч асан Хон Мюн Бод үйлчлэхээс татгалзсан бичиг наажээ
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн шатнаас мултарсан Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Хон Мюн Бог эсэргүүцсэн хөдөлгөөн БНСУ даяар эрчимжсэн байна.
Энэ сарын 26-ны өдөр буюу өнгөрсөн Баасан гарагт тус улсын үндэсний сүлжээ дэлгүүр болох GS25-ын нэг салбар үүдэндээ "Хон Мюн Бод үйлчлэхгүй" гэсэн утгатай бичиг наажээ.
Өмнөд Солонгосын шигшээ баг хэсэгтээ Өмнөд Африкийн шигшээд 0:1-ээр ялагдсанаар хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн. Улмаар гуравдугаарт жагссан багуудаас оноо болон оруулсан гоолын зөрүүгээр жагсаахад 10-т бичигдсэн тул ДАШТ-ээс хасагдсан юм.
Уг зургийг харсан цахим хэрэглэгчид "Зөвхөн дэлгүүрт оруулахгүй байх хангалтгүй. Хилээр ч оруулахгүй байх хэрэгтэй", "Энэ хаана байдаг салбар вэ? Орлого оруулах гэсэн юм" гэх зэргээр дэмжсэн сэтгэгдэл үлдээсэн байна.
Гэхдээ сүлжээ дэлгүүрийн зүгээс албан ёсоор ийм мэдэгдэл гаргаагүй гэсэн юм. Тэд зөвхөн 1+1 урамшуулал зарласан тохиолдолд ийм зарлал гаргадгаа мэдэгдээд аль салбарт ийм асуудал гаргасныг шалгаж байгаа гэв.
Шигшээ баг нь ДАШТ-ийг эрт орхисонд бухимдсан фанатууд ганц Өмнөд Солонгосчууд бус. Дэлхийн хошой аварга Уругвай ч хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн. Тэгвэл Уругвайн шигшээ багийн зүгээс нутаг буцах байсан онгоцны нислэгээ цуцалж, тамирчид буцах зардлаа өөрсдөө төлөх болжээ.
Дэлхийн чансааны 19-т бичигдэж байгаа Уругвайн шигшээ баг шигшээ 32-т шалгарч чадаагүй хамгийн өндөр чансаатай баг юм.
Тус улсын баг ДАШТ-ээс хасагдсаны дараа 70 настай аргентин мэргэжилтэн Марсело Бьелса ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

