Улсынх нь ерөнхийлөгч зэмлэсний дараа Өмнөд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч огцрох шийдвэрээ зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хасагдах шатанд Өмнөд Солонгосын үндэсний шигшээ баг шалгарч чадаагүй билээ.

Үүнтэй холбогдуулан тус багийн дасгалжуулагч Хон Мюн Бо албан тушаалаасаа огцорч байгааг Ням гарагт зарлажээ.

Шигшээ багийн ахлагч асан 57 настай тэрбээр хоёр дахь удаагаа дасгалжуулагчаар ажиллахдаа хоёр дахь удаагаа удирдсан багаа ДАШТ-ий хэсгийн шатнаас хасагдуулж байна.

Өмнө нь тэр 2014 оны ДАШТ-д бас ийм үр дүн үзүүлж байжээ.

Энэ жил Мексик, Өмнөд Африк, Чехийн багуудтай хамт А хэсэгт орсон Өмнөд Солонгосын баг хасагдах шатанд шалгарах бүрэн боломжтой гэгдэж байсан юм.

Гэвч тэд Мексик, Өмнөд Африкийн багуудад тус бүр 1:0 харьцаатай хожигдож, Чехийг 2:1 харьцаагаар хожсон үзүүлэлтээр гурван оноотой хэсгийн тоглолтуудаа өндөрлүүлсэн тул хасагдсан байна.

“Сүүлийн хоёр жилийн хугацаанд би тоглогчдыг сонгох, бэлдэх зэрэг чухал шийдвэрүүдийг гаргах бүрдээ өөрөөсөө ‘Солонгосын хөлбөмбөгийн хувьд энэ зөв сонголт мөн үү?’ гэж асуудаг байсан. Бүх шийдвэр зөв байсан гэж би хэлж чадахгүй ч Солонгосын хөлбөмбөгийн төлөө гаргасан гэдгээ хэлж чадна” гэж Хон Мюн Бо өчигдөр өөрийн багийн бэлтгэлийн бааз байрладаг Мексикийн Запопан хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Түүнийг шийдвэрээ зарлахаас хэдхэн цагийн өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн шигшээ багийнхаа үзүүлэлтийг шүүмжилж, тэднийг “чадваргүй хүмүүс” хэмээн цоллосон юм.

“Үнэнч байдал, явцуу хүрээний эрх ашгийг ур чадвараас илүү дээгүүр үнэлж, чадваргүй хүмүүсийг удирдах албан тушаалд томилоход ямар үр дүн гарах нь тодорхой байдаг. Энэхүү хүлээн зөвшөөрөгдөөгүй үр дүнгээс үүдэлтэй гүн гүнзгий урам хугаралтын төлөө би олон нийтээс уучлал гуймаар байна. Ийм зүйл дахин гаргахгүйн тулд бид спортын удирдлагыг хурдан шинэчлэх болно” гэж И Жэ Мюн сошиал хуудсаараа мэдэгджээ.

ДАШТ-ээс ч өмнө Хон Мюн Богийн нэр хүнд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөгжөөн дэмжигчдийн дунд сайн байгаагүй юм.

Тэрбээр ядаж тэнцсэн тохиолдолд хэсгээсээ шалгарах боломжтой байсан Өмнөд Африктай хийсэн тоглолтод багийн ахлагч Сон Хюн Минийг талбайд гаргаагүй нь том алдаа болсон гэж ажиглагчид үзэж байна.

Хон 2024 оны долдугаар сард шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалд томилогдож байв. Үүний дараахан тэр дотоодын тэмцээнд оролцохдоо ч үзэгч, хөгжөөн дэмжигчдэд “бүүлүүлэн” цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдөж байсан юм.

 

Эх сурвалж: AFP