Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хоёр дахь өдөр Ерөнхийлөгч “Усны аюулгүй байдлын чиглүүлэгч: Усны ирээдүй аюулгүй байдлыг хангах дэвшилтэт өөрчлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би усны аюулгүй байдлыг дэмжигч гэр бүлийн нэгэн гишүүн. Ус бол амьдралын эх булаг гэж ээж минь хэлж байсан. Ус бол үнэхээр амьд оршихуйн язгуур үндэс юм. Ус бохирдож, ширгэж үгүй болох нь дэлхий ээжийн эмзэглэл бөгөөд оршин тогтохуйд заналхийлж буй гамшиг юм.
Дараагийн нэгэн чухал зүйл бол усыг хайрлан гамнах, зохистой бодлого хэрэгжүүлэхийг эрхэмлэгч хувийн хэвшлийнхнийг бид дэмжихийг байнга эрмэлзэж байдаг. Усны аюулгүй байдлыг хангах зорилготой хүн бүрийн зорилго хамгийн сайн үр дүнд хүрнэ гэдэгт би итгэдэг.
Ер нь аливаа хувийн хэвшлийн, судалгааны байгууллагын үйл ажиллагаа нь ямар ч төр засгийн бодлогосоос илүү ухаалаг гэдэгт би итгэдэг. Тиймээс төр, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа усны асуудлаарх сайн санаачилга бүрийг дэмжин ажиллахыг зорьдог.
Бүгдээрээ эх дэлхийгээ аварцгаая
Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн эрчимтэй өсөлт явагдаж байна. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж байна. Үүнийг дагаад усны менежментын асуудал, хотжилтын усны асуудал, хөдөө аж ахуйн усны асуудал, уул уурхайн усны асуудал чухлаар тавигдаж байна.
Сүүлийн дөрвөн жилийн турш бид ДЭЗЧУ, Усны асуудлаарх байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Үүнийг зэрэгцээ бид уул уурхайн олборлолтод усны асуудлаар менежменттэй болохыг зорьж буй бөгөөд Монгол орны хөгжлийн хурдацтай хөл нийлүүлж байгальд ээлтэй шийдэл, усны аюулгүй байдал онцлох сэдвийн нэг болж байна.
Мөн бид усны хөгжлийн зорилтыг тавьж байгаа бөгөөд НҮБ-ын санаачилгатай улам бүр эрчимтэй хамтран ажиллахыг эрхэмлэж байгаа. Монгол Улс цаашид усны асуудлаар бүс нутагтаа тэргүүлэгч байхын төлөө ажиллах болно.
Бид усны асуудлыг шийдэж чадсанаар одоо тулгамдаад байгаа, цаашид хүн төрөлхтөний өмнө улам бүр хурцаар тавигдах асуудлыг хамтдаа шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Улс төр, эдийн засгийн олон олон сорилтууд бидэнд тулгарсаар байх боловч усны асуудал бол хамгийн суурь асуудал учраас бид хамтран шийдэлд хүрэхийн төлөө ажиллах ёстой.
Усны аюулгүй байдал бол эх дэлхийн аюулгүй байдал. Тиймээс бүгдээрээ эх дэлхийгээ аварцгаая”.
Усны асуудал нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй ТАВАН онцлох асуудлын НЭГ
2013 оны Дэлхийн эрсдлийн үнэлгээ (Global Risk Report)-нд дурьдсанаар Усны асуудал нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй таван онцлох асуудлын нэг бөгөөд цаашид усны асуудлаарх үйлдвэрлэл, бүс нутаг, дэлхий дахины стратегийн асуудал нь нэн чухал сэдэв болохыг онцолжээ.
Тус салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд оролцохдоо усны асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, хамтран ажиллахаар болсон бөгөөд 2013 оны 10 дугаар сараас эхлэн Монгол Улсад судалгаа шинжилгээний ажил эхэлсэн байна.
Дэлхий нийтийн хөгжлийн хурдац, үйлдвэрлэлийн нөлөөллөөс үүдээд цэвэр ус, ундны усны нөөц, усны менежментийн асуудал нь тухайн улс, бүс нутаг, цаашлаад дэлхийг хамарсан, нэгдмэл ойлголцол, бодлого шаардсан талбар болж буй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!