Шоронд хоригдож буй Вьетнамын бизнесмэний Birkin цүнхнүүд дуудлага худалдаагаар $550,000-ын үнэ хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн луйврын хэргээр шоронд хоригдож буй бизнесмэн Чуон Ми Ланаас хурааж авсан тансаг ангиллын хоёр гар цүнхийг Вьетнамын эрх баригчид дуудлага худалдаагаар зарахад $535,000-ын үнэ хүрсэн байна.

Цагаан өнгийн Hermès Birkin брэндийн хоёр цүнхний нэг нь $440,144, нөгөө нь $94,858 үнээр ердөө 30 минутын дотор зарагджээ.

Чуон Ми Лан нь Вьетнамын томоохон банкнаас их хэмжээний мөнгө луйвардсан хэрэгтээ шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байгаа юм. Шүүхээс түүний хөрөнгийг хурааж, $27 тэрбумыг буцааж төлүүлэх шийдвэр гаргасан.

Чуон Ми Лан улсынхаа тав дахь том банк болох Сайгон Коммершиал банкийг 10 гаруй жилийн турш далдаас удирдахдаа өөрийн компаниудын сүлжээгээр дамжуулан $44 орчим тэрбумыг зээл хэлбэрээр завшсаныг шүүх 2024 оны дөрөвдүгээр сард тогтоож, цаазын ял оноож байв.

Гэвч Вьетнам улс хэд хэдэн гэмт хэрэгт цаазын ял оноохоо больсон тул өнгөрсөн оны зургаадугаар сард түүний ялыг бүх насаар хорих ял болгон өөрчилсөн юм.

зураг
 

Шүүх хурлын үеэр хоёр цүнхээ хураалгахгүйн тулд Чуон нэгийг нь Италиас худалдаж авсан, нөгөөг нь Малайзын бизнесмэн бэлэглэсэн гэж мэдүүлж байжээ.

Тэрбээр цүнхнүүдээ ач зээ нартаа дурсгал болгон үлдээх хүсэлтэйгээ илэрхийлсэн юм.

Энэ оны нэгдүгээр сард Хо Чи Мин хотын иргэний хэргийн шүүх Чуон Ми Ланаас хурааж авсан матрын арьсан хоёр цүнхийг үнэлэх мэргэжилтэн хайж байгаагаа зарлаж байлаа.

Дуудлага худалдаагаар зарах Чуоны 1,200 ширхэг эд хөрөнгийн жагсаалтад энэ хоёр цүнх багтсан байна.

Бага үнээр зарагдсан цүнхний хэмжээ 30 байсан бол өндөр үнэ хүрсэн нь 25 хэмжээтэй байжээ. Илүү үнэ хүрсэн цүнх нь анхны дуудсан үнээс ойролцоогоор долоо дахин өндөр үнээр зарагдсан байна.

Тансаг эдлэлийн худалдааны Agency Parnell компанийн үүсгэн байгуулагч Николас Парнеллын мэдээлснээр Birkin брэндийн гар цүнхнүүд удах тусмаа үнэ нь өсдөг гэнэ.

“Энэ бол Hermes компанийн тавьсан хязгаарлалтын улмаас хүн болгон авах боломжгүй байдаг, хамгийн эрэлттэй цүнхнүүдийн нэг юм. Тиймээс нандигнан хадгалах ёстой эд хөрөнгөд тооцогддог. Маш олон тусгай хувилбар байдаг тул үнэ нь хязгааргүй юм” гэж тэр тайлбарлажээ.

Sotheby’s Paris дуудлага худалдааны төв 2025 оны долдугаар сард хамгийн анх бүтээгдсэн Birkin цүнхийг 8.6 сая еврогоор зарсан нь энэ төрлийн бүтээгдэхүүний дээд амжилт болсон юм.

 

Эх сурвалж: BBC