Дональд Трамп: Бээжинд намайг Путинээс илүү ёслол төгөлдөр угтаж авсан гэж би бодож байна
Өнгөрсөн долоо хоногт Бээжинд хийсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гурван өдрийн айлчлалаас хойш хэдхэн хоногийн дараа Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин уламжлалт холбоотон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг хүлээж авсан билээ.
Үүнийг АНУ-ын хориг арга хэмжээ, худалдааны дайны улмаас сүүлийн жилүүдэд улам ойртон нягтрах болсон хоёр улсын харилцааг Вашингтоны эрх баригчдад зориуд харуулах гэсэн зорилготой гэж ажиглагчид үзэж байна.
Бээжин хоёр ерөнхийлөгчид бараг ижил хүндлэл үзүүлсэн юм.
Путиний айлчлалын талаар Трампын анхны сэтгэгдэл тун сонирхолтой байлаа.
Сэтгүүлчид түүнээс саяхан энэ талаар асуухад “Би үүнийг сайн хэрэг гэж бодож байна. Би тэр хоёртой хэн хэнтэй нь сайн харилцаатай. Ёслолын ажиллагаа минийх шиг гайхалтай сайхан байсан эсэхийг би мэдэхгүй. Би ажиллагааг үзсэн. Минийх илүү байсан гэж бодож байна” гэж хариулжээ.
Трампын хувьд эхний болон хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадын төрийн тэргүүнтэй нийт долоон удаа уулзаад байна.
Харин Путиний хувьд нийтдээ 40 гаруй удаа уулзсан юм. Сүүлийн айлчлалынхаа үеэр тэр Ши Жиньпинтэй ямар дотно харилцаатай байдгаа илэрхийлэхдээ “нэг өдрийн зай гурван намар шиг санагддаг” гэсэн хятад хэлц үгийг ашиглажээ.
Эх сурвалж: International Business Times UK
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

