Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярт шүүхээс ₮5.4 саяар торгох ял оноов

Э.Тэмүүлэн, iKon.mn
30 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Хосбаярыг шүүхээс хориотой эм бэлдмэл бусдад худалдсан гэм буруутайд тооцжээ.

Түүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” гэсэн нэршилтэй эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр оруулж, улмаар 2024-2025 онд нэр бүхий гурван иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.Хосбаярыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ₮5,4 саяар торгох ял оногдуулж, хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэсэн байна.

Ц.Хосбаяр нь хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон "Алдар" спорт хорооны хүчний дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгчээ.

Түүнийг өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт хориотой бодис өгсөн гэж Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав "Eagle" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон удаатай.