Яруу найрагч Н.Баянмөнх, дуучин Б.Энхмэнд нарыг үндэснийхээ баяруудыг өргөн тэмдэглэдэг, ёс заншлаа сайн мэддэг хэмээн найзууд нь төдийгүй ахмад уран бүтээлчид үнэлдэг юм билээ.
Тэд жил бүрийн Цагаан сараар шинэ дээлээр гангардаг бөгөөд нэлээдгүй олон үндэсний хувцастай гэсэн. Тэднийг "Өглөөний мэнд” буландаа урьж, Цагаан сарынх нь гоёлыг сонирхохоор гэрийн эзэн Н.Баянмөнхийн утас руу залгав.
-Өглөөний мэнд. Танай гэр бүлийг Цагаан сарыг өргөн тэмдэглэдэг гэж сонслоо. Энэ жил хаана цагаалах гэж байна даа?
-Өглөөний мэнд. Би монгол хүн гэдгээрээ их бахархдаг. Тиймээс үндэсний баярууддаа их ач холбогдол өгдөг. Цагаан сараар сайхан идээ засч, тарган ууц тавиад, идээ будаагаар ширээгээ дүүргээд монгол ёс заншлаа бүрэн дүүрнээр нь гүйцэлдүүлж сайхан баярлахыг хичээдэг.
Монгол ёсоо бодоод жил бүр өөрийн гал дээрээ цагаалдаг. Зарим найз маань хөгшин хүмүүс шиг юун сүртэй юм гэж шоолох нь ч бий. Энхмэнд бид хоёр хоёулаа хөдөө төрж, өссөн учраас ер нь их ёсорхог шүү. Гэхдээ Цагаан cap өөрөө их гоё баяр шүү дээ. Нэрнээсээ авахуулаад л...
-Ёс заншлаа сайн мэддэг юм чинь мэдээж үндэснийхээ хувцсаар гоёдог байх. Дээл хэр их өмсдөг вэ?
-Тийм ээ. Бид хос дээлээр гоёх дуртай. Дээл олонтой шүү. Цагаан сарыг монгол тооллоор шинэ он гарч байна гэж үздэг. Тиймээс шинэ оноо аль болох сайхан угтахыг хүсдэг. Бид жил бүрийн Цагаан сараар шинэ дээл өмсөхийг хичээдэг. Өөрсдөө төдийгүй хүүхдүүддээ үндэсний хувцсаар гоёх дуртай. Төв газрын хүмүүст дээл өмсөх боломж тэр бүр олддоггүй.
Тиймээс ядаж улсын баяр, Цагаан cap хоёроороо үндэснийхээ хувцсыг заавал өмсдөг. Ийм гоё хувцсаа ядаж жилд хоёр удаа өмсч байгаарай гэж хүмүүст уриалдаг. Тиймээс өнгөрсөн жил бид хоёр хамаатан садан, найз нөхдөдөө дээлийн өнгө, эмжээр, бүсний дурдан бэлэглэсэн. Ийм бэлэг авсан хүмүүсийн олонхи нь энэ жил түүгээрээ шинэ дээл оёулж байгаа гэсэн. Түүнийг нь сонсоод бид хоёр ч баяртай байгаа.
-Энэ жилийн гоёлоо захиалсан уу?
-Тайзны хувцас шиг элдэв чамин хийц, загваргүй жирийн л монгол дээл оёулахаар захиалсан. Улбар шар өнгөтэй. Харин охин минь дуулж, бүжиглэх авьяастай их адтай. Цагаан сараар өмсөх дээлийнхээ загварыг өөрөө зурж гаргасан. Түүнийх нь дагуу бид хоёр захиалсан. Хүүдээ хурган малгай, дээл хосоор нь оёулсан.
-Хүү тань жаахан байх аа. Ой хүрсэн бил үү?
-Хараахан хүрээгүй. Одоо найман сартай. Гэсэн ч монгол хувцсаа өмсөх гэж байгаа том эр дээ.
-Та хоёрт гоёлын дээл олон байдаг уу?
-Нэлээн хэд байгаа шүү. Нээрээ саяхан монгол туургатны залуу дуучдын уралдаан Өвөр Монголд болсон. Уралдааны гала тоглолтод хань минь уригдаж, би зохион байгуулалтад нь оролцсон юм. Тэгээд бид хоёр Шилийн голын зүүн, баруун үзэмчин, Хөх хотоор яваад өчигдөр ирлээ. Тэндхийн өвөр монголчууд үндэсний хувцсаа их өмсдөг юм байна.
Гоё ч авч явж байна. Загвар, хийц нь бүр “тасарчихсан” байна билээ. Тэдний хувцсыг манай ар монголчууд урладаг гэсэн. Үнэхээр гайхалтай юм билээ. Энд харж байгаагүй хувцаснуудаа л тэнД харлаа шүү дээ. Тиймээс бид энэ сайхан хувцсаа өмсч, эдэлж хэрэглэж байхгүй бол хөршдөө бага багаар алдаж л байгаа юм билээ.
-Дээл, малгай, гуталны хэр арвин цуглуулгатай вэ. Монгол дээлэн дээр өмсдөг олон янзын гутал бий болж, яг алийг нь өмсдөг вэ?
-Нимгэн дан дээл, хөдөө явахдаа өмсдөг хурган дээл, тайзных гээд олон байгаа шүү. Нарийн тоолж үзээгүй юм байна. Гуталны хувьд булигараар хийсэн монгол гутал л өмсдөг. Монгол гутлыг дэлхий нийтээрээ эко гутал гэж үздэг болж. Газар шороогоо сэндийчихгүй хоншоор нь ээтгэр. Нэг өмсчихөөр тайлмааргүй сайхан гутал шүү дээ. Харин малгайны хувьд эхнэр маань дөрвөн талтай булган малгай, би илбэнхэн лоовуузандаа дуртай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!