АНУ, Хятадын удирдагчид Ираныг цөмийн зэвсэггүй, Ормузын хоолойг нээлттэй байлгахаар тохиролцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтаар Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй, Ормузын хоолой нээлттэй байх ёстой гэсэн байр суурин дээр АНУ, Хятадын ерөнхийлөгч нар санал нэгдсэн тухай Цагаан ордон мэдээлжээ.

Ардын Их Хурлын танхимд болсон Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаар бас хоёр улсын худалдаа, Ойрх Дорнодын хямрал, Тайванийн асуудлыг хэлэлцсэн байна.

“Хоёр тал эрчим хүчний чөлөөт урсгалыг дэмжихийн тулд Ормузын хоолой нээлттэй байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Ерөнхийлөгч Ши мөн хоолойг цэрэгжүүлэх, ашиглалтын төлбөр авах аливаа оролдлогыг Хятад улс эсэргүүцэж байгааг тодорхой илэрхийлсэн” гэж Цагаан ордны албан тушаалтан мэдэгдээд Трамп, Ши нарын уулзалт ерөнхийдөө “сайн” үр дүнтэй болж өнгөрснийг хэлжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хятад улс ирээдүйд хоолойгоос хараат байдлаа бууруулахын тулд АНУ-аас илүү их газрын тос худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хоёр улс Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн” гэсэн юм.

Талууд мөн Хятадын зах зээлийг АНУ-ын бизнесүүдэд улам нээх, АНУ-ын аж үйлдвэрийн салбаруудад Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах арга замуудыг хэлэлцсэн гэнэ.

Эдгээрээс гадна АНУ-ыг чиглэсэн фентанилын урсгалыг зогсоох хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтыг өсгөхөд ахиц дэвшил гаргах шаардлагатай байгааг удирдагчид онцолсныг Цагаан ордон мэдээлжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп, Ши Жиньпин нар хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлэх хүсэл сонирхлоо харилцан илэрхийлцгээсэн юм.

“Тантай хамт байх нь нэр төрийн хэрэг. Таны найз байх нь нэр төрийн хэрэг бөгөөд Хятад, АНУ-ын харилцаа өмнөхөөсөө илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэж Трамп энэ үеэр хэлжээ.

Тэрбээр Ши Жиньпинтэй удаан хугацаанд бие биеэ мэддэг, гайхалтай сайхан харилцаатай байсан гэж хэлээд хоёр улсын хооронд бэрхшээл тулгарах бүрд хоёр удирдагч “маш хурдан шийдвэрлэдэг” хэмээн мэдэгджээ.

Трамп “аугаа удирдагч” хэмээн Ши Жиньпинийг магтаж, өөрийг нь Америкийн “хамгийн аугаа”, “хамгийн шилдэг” бизнесийн төлөөлөгчид дагалдаж явааг онцолсон байна.

“Тэд худалдаа, бизнес эрхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд энэ нь бидэнд бүрэн харилцан ашигтай байх болно” гэж Трамп хэлжээ.

Хариуд нь Ши Жиньпин хоёр улсын тогтвортой харилцаа “дэлхий нийтэд тустайг” онцолж, тэдний хооронд санал зөрөлдөөнөөс илүү нийтлэг ашиг сонирхол байдаг гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Хятад, АНУ хоёр хамтын ажиллагаанаас хожиж, зөрчил мөргөлдөөнөөс хохирох болно” гэж тэр хэлжээ.

Тэрбээр цааш нь “Бид өрсөлдөгчид биш, түншүүд байх ёстой. Бид бие биедээ тусалж, хамтдаа амжилтад хүрч, цэцэглэн хөгжих ёстой” гэж хэлсэн байна.

Ши Жиньпин бас Тайванийн асуудлыг АНУ-Хятадын харилцааны “хамгийн чухал асуудал” гэж тодорхойлоод хэрвээ үүнийг зөв зохицуулахгүй бол хоёр улс зөрчил мөргөлдөөнд хүрч, бүхэл бүтэн харилцааг “маш их аюул эрсдэлд оруулна” хэмээн анхааруулсныг Шиньхуа агентлаг мэдээлжээ.

Ши энэ үеэр бас шинээр гарч ирж буй гүрэн болон одоогийн тогтсон гүрэн хоёрын зөрчилдөөний эрсдэлийг тодорхойлдог “Thucydides Trap” хэмээх ойлголтыг АНУ, Хятад улсууд хамтдаа давж чадах эсэхийг Трампаас асуусан байна.

Ажиглагчид үүнийг Хятад улс өөрийгөө ижил тэгш эрхтэй их гүрэн болсныг АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байгаагийн илрэл гэж дүгнэжээ.

Ардын Их Хурлын ордонд болсон уулзалтын дараа хоёр ерөнхийлөгч Бээжин хотын түүхэн дурсгалт газруудын нэг болох Тэнгэрийн Сүмд зочилсон юм. Орой нь төрийн хүндэтгэлийн зоог барьжээ.

Зоогийн үеэр Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюань нарыг есдүгээр сарын 24-ний өдөр АНУ-д айлчлахыг урьж байгаагаа Трамп зарласан байна.

Хундаганы үг хэлэхдээ Трамп энэ өдрийн яриа хэлэлцээг “эерэг бөгөөд үр бүтээлтэй” болсон гэж дүгнэжээ.

Ши Жиньпин энэ үеэр Хятад үндэстний “аугаа сэргэн мандалт”, Америкийг дахин аугаа болгох үйл явц “хамтдаа хэрэгжих болно” гэж мэдэгдсэн байна.

Өнөөдөр буюу Баасан гарагт Трампыг буцахаас өмнө хоёр ерөнхийлөгч хамтдаа цайлж, ажил хэргийн үдийн зоог барих юм.

Лхагва гарагийн орой Трампын гурван өдрийн айлчлал эхэлсэн бөгөөд тэр үүнээс өмнө 2017 оны арваннэгдүгээр сард Бээжинд айлчилж байв.

Трамп, Ши Жиньпин нар үүнээс өмнө хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард Өмнөд Солонгосын Бусан хотод APEC-ийн дээд хэмжээний чуулганы үеэр уулзсан юм.

Энэ онд тэд арваннэгдүгээр сард Шэнжэнд болох APEC-ийн чуулган, арванхоёрдугаар сард Флоридад болох Их 20-ын бүлгийн чуулганы үеэр дахин уулзах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters