Оросын эрх баригчид Украины захиалгаар үүргэвчиндээ тэсрэх бөмбөг авч явсан гэх Германы иргэн эмэгтэйг баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Оросын эрх баригчид тус улсын аюулаас хамгаалах албаны байгууламжийг дэлбэлэх Украины төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр үүргэвчиндээ гар хийцийн тэсрэх бөмбөг авч явсан Германы иргэн эмэгтэйг баривчилснаа мэдэгджээ.

Өнгөрсөн дөрвөн жил гаруйн хугацаанд тус улс Украины хорлон сүйтгэх ажиллагаатай холбоотой гэсэн үндэслэлээр голдуу өөрийн иргэн олон арван хүнийг баривчилж байсан юм.

Үүнээс гадна барууны улс орнуудын иргэдийг ийм шалтгаанаар баривчилсан цөөн хэдэн тохиолдол байдаг бөгөөд эдгээр нь ихэнхдээ үндэслэлгүй, гадаадын шоронд хоригдож байгаа өөрийн иргэдийг солилцоход ашиглах зорилготой байв.

Холбооны Аюулаас Хамгаалах Албаны (ФСБ) өгсөн мэдээллээр 1969 онд төрсөн герман эмэгтэй Төв Азийн нэг улсын иргэний Украины захиалгаар гүйцэтгэх гэж байсан хорлон сүйтгэх ажиллагаанд татагдан орсон байсан гэнэ.

Түүнийг Ар Кавказын бүс нутгийн Пятигорск хотоос баривчлахад үүргэвчнээс нь гар хийцийн тэсрэх бөмбөг олдсон тухай ФСБ мэдээлжээ.

“Ставрополь мужийн хууль сахиулах байгууллагын эсрэг Киевийн дэглэмийн төлөвлөсөн террорист халдлагыг 1969 онд төрсөн Германы иргэн гүйцэтгэх гэж байсныг таслан зогсоолоо” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тэсрэх бөмбөг нь 1.5 кг тротилтой тэнцэх хэмжээний хүчтэй, алсын удирдлагатай байсан гэнэ.

Төв Азийн нэг улсаас гаралтай, 1997 онд төрсөн, “радикал үзэл суртлыг дэмжигч” эрэгтэйг халдлага төлөвлөгдсөн газрын ойролцоогоос олж баривчилсныг бас мэдээлжээ.

Тэдэнд терроризмын хэргээр бүх насаар хорих ял оноож магадгүй байна. Одоогоор Киев болон Берлинээс уг хэрэгтэй холбогдуулан ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Оросын эрх баригчид өмнө нь исламын радикал үзэлтнүүдийн явуулсан террорист халдлагуудыг Украинтай холбон буруутгаж байсан.

Тухайлбал 150 орчим хүний амь үрэгдсэн 2024 оны Москвагийн концертын танхимд гарсан халдлагыг Исламын Улс террорист байгууллага үйлдсэнээ хүлээсэн ч Украины талаас оролцсон гэж сэжиглэж байгаагаа мэдэгдэж холбож байв.

 

Эх сурвалж: AFP