Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк ирэх есдүгээр сард залгамжлагчдаа ажил үүргээ шилжүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг Apple ирэх есдүгээр сард гүйцэтгэх захирлаа солихоор болжээ.

Стив Жобс агсныг залгамжилж байсан тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 15 орчим жилийн дараа ийнхүү залгамжлагчдаа халаагаа өгөхөөр болж байна.

Түүний удирдсан он жилүүдэд Apple компанийн зах зээлийн үнэлгээ $3.6 их наяд орчмоор өсөж, iPhone бүтээгдэхүүн дээр суурилсан хөгжил цэцэглэлтийг бий болгосон юм.

Одоо 65 настай Күүк есдүгээр сарын нэгэнд гүйцэтгэх захирлын албан тушаалаа тус компанийн техник хангамжийн инженерчлэлийн албаны захирал Жон Тернуст шилжүүлэхээр болжээ.

Тэрбээр цаашдаа Apple компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар үргэлжлүүлэн ажиллах юм байна.

зураг
 
Жон Тернус

Хэдийгээр Жобс шиг алсын хараатай удирдагч биш гэсэн шүүмжлэл байнга дагалдаж байсан ч Күүк өмнөх гүйцэтгэх захирлын үед бий болгосон iPhone болон бусад бүтээгдэхүүнүүдийг улам хөгжүүлж, Apple компанийг төсөөлшгүй өндөрлөгт хүргэж чадсан юм.

2001 оноос Apple компанид ажиллаж эхэлсэн Тернус саяхнаас техник хангамжийн инженерчлэлийн албыг удирдах болсон бөгөөд сүүлийн жилүүдэд зах зээлд эзлэх байр сууриа өсгөсөн Mac компьютер зэрэг бусад бүтээгдэхүүнүүдийн амжилтад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Түүнийг Apple компанид маш их нэр хүндтэй хүн бөгөөд “шинэ эрч хүч авчирна” гэж үзэж байгаагаа Creative Strategies зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Бэн Бажарин мэдэгджээ.

Тернусын ажлыг Apple-ийн чип болон мэдрэгчийн дизайныг хариуцаж байсан Жонни Сроужи хүлээж авахаар болсон байна.

 

Эх сурвалж: AFP