Зээл үү, лизинг үү…
Шинэ техник, технологи нутагшуулах санхүүгийн шийдэл зөвхөн зээлийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй. Энэ тохиолдолд санхүүгийн түрээс буюу бидний мэддэг лизингийн үйлчилгээ хамгийн тохиромжтой хувилбаруудын нэг. ХасБанкны лизингийн үйлчилгээний талаар тус банкны Лизинг хариуцсан захирал Д.Мөнхзултай ярилцлаа.
- ХасБанкны тухайд, лизингийн зах зээлд хэр том орон зай эзэлж байна вэ?
- “Хас”-ын лизингийн үйлчилгээ 2007 онд эхэлсэн. Тэр үед толгой компани болох Тэнгэр санхүүгийн нэгдлийн хүрээнд “ХасЛизинг” ХХК-ийг байгуулж байсан юм. “ХасЛизинг” Монголын санхүүгийн зах зээлд лизингийн үйлчилгээг нутагшуулж хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан гэж үздэг. Бид 20 шахам жилийн алдаа оноо, туршлага, оролцогч, нийлүүлэгч талуудын дэмжлэгээр лизингийн зах зээлд том орон зайг эзэлсэн байна.
Одоогоор бид шинэ автомашины лизингийн зах зээлийн 50 гаруй хувийг эзэлж байна. Харин уурхайн машин механизм болон зам барилгын техникийн хувьд, 15-20 хувь нь манайхаар дамжсан байна. Манай харилцагчдын дийлэнх нь алт, нүүрс, жонш олборлолтын компаниуд. Мөн уурхайн голлох ажлыг хийж гүйцэтгэдэг хөрс хуулалт, тээврийн компаниуд ч олон бий.
- ХасБанк уул уурхайн бизнес эрхлэгчдэд чиглэсэн лизингдээ нэлээд анхаарч байх шиг байна. Яагаад энэ салбарт илүү их анхаарч байна вэ?
- Уул уурхай бол манай эдийн засгийн тулгуур салбар. Экспортын орлогын 90 гаруй хувь нь энэ салбараас төвлөрч байна. Энэ салбарын бизнес эрхлэгчдэд чиглэсэн төрийн дэмжлэг хомс. Бусад салбарынхантай харьцуулахад хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагддаггүй салбар. Дээр нь уул уурхайд ашиглаж буй техник харьцангуй өндөр үнэтэй. Өндөр үнэтэй техник хэрэглэдэг хэрнээ жилийн турш тогтмол орлого олох боломжгүй. Цаг уурын нөхцөл байдалд уягддаг. Тиймдээ ч энэ салбарын бизнес эрхлэгчид жилийн цөөн хэдэн сард үйл ажиллагаа явуулах, маш богино хугацаанд шийдвэр гаргах шаардлага, сорилтуудтай тулгардаг. Үүнийг харгалзан үзэж уул уурхайн бизнес эрхлэгчид, харилцагчдадаа тохирох шийдэл санал болгохыг зорьсон.
- Уул уурхайн бизнес улирлын чанартай. Үүнд нийцсэн уян хатан зохицуулалт танай үйлчилгээнд бий юу?
- Байлгүй яах вэ. Бид уул уурхайн ажил эхлэх, дуусах хүйтэн сэрүүний үед харилцагчдаа тодорхой нөхцөлөөр лизингийн төлбөрөөс чөлөөлдөг. Хаврын эхэн үед орлого нь тогтворжоогүй байхад заавал төл гээд байхгүй. Оны эцсийн зарлага ихсэж, орлого багасдаг саруудаас ч сонгож болно.
Харилцагч гэрээ хийхдээ төлбөрөөс чөлөөлөгдөх саруудаа сонгох, эргэн төлөх хувиараа тохиролцох бүрэн боломжтой. Энэ тохиолдолд тодорхой хугацаанд үндсэн төлбөрөөс, эсвэл хүүгээс чөлөөлөх зэргээр уян хатан зохицуулалт хийдэг.
Мөн нэг зүйлийг онцлоход, хүмүүс техник нь ирсний дараа л лизинг авна гэж ойлгоод байдаг. Гэтэл уурхайн цикл богино. Нөгөө талд хил гаальтай холбоотойгоор техник орж ирэх хугацаа уртассан. Дөрөвдүгээр сард ажил нь эхлэх гээд байхад захиалсан техник нь тав, зургаадугаар сард ирнэ гэдэг асар том алдагдал. Тиймээс бид харилцагчдадаа аль болох урьдчилж шийдвэр гаргахыг зөвлөдөг. Хүсэлтээ эрт өгвөл лизингийн шийдвэрийг техник нь ирээгүй байхад ч гаргаж болно.
- Бизнесийн үнэ цэнийг нийгэмд бүтээж буй үнэ цэнээр тодорхойлдог. ХасБанк лизингийн “хүч нөлөө”-гөөр ямар үнэ цэн бүтээхийг зорьж байна вэ?
- Бид лизингийн үйлчилгээгээрээ дамжуулан хариуцлагатай, тогтвортой хөгжил, зөв соёлыг түгээхийг зорьж байна. Автомашины тухайд, албан ёсны борлуулагч байгууллагаас зөвхөн шинэ машин авах үед илүү таатай нөхцөл санал болгодог. Харин хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмж дээр зөвхөн албан ёсны дистрибьютерүүдтай л хамтарч ажилладаг. Ингэснээр манай харилцагчид байгаль орчинд ээлтэй, түлш зарцуулалт багатай, дэвшилтэт технологи бүхий шийдлийг сонгон ашиглах, нөгөө талдаа хариуцлагатай нийлүүлэгчдийнхээ бизнесийг дэмжих боломж бүрддэг.
Ер нь сайн техник, шинэ технологи сонгохыг бодлогоор дэмждэг байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, бид харилцагчийнхаа үйл ажиллагаа, нөхөн сэргээлт, сум орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа зэргийг онцгойлон анхаарч үздэг. Үнэ цэн бүтээдэг, хариуцлагатай уул уурхайг санхүүгийн байгууллагууд ч илүү анхаарч дэмжиж байгаасай гэж боддог. Мөн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй хүмүүстэй хамтран ажиллахаас татгалздаг. Өөрөөр хэлбэл бодлогын хувьд, хариуцлагатай бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлөөр лизингээ санал болгодог гэсэн үг. Энэ бодлого, зарчмаараа явахад хариуцлагатай уул уурхайг цогцлооход хувь нэмэр болж чадна гэж итгэж байна.
- Үнэтэй техник авна гэдэг хуумгай хандах зүйл биш. Харилцагчдаа зөв сонголт хийхэд нь тусалдаг уу?
- Бид харилцагчдадаа аль болох манайхтай хамтран ажилладаг нийлүүлэгч байгууллагуудаас тоног төхөөрөмж сонгохыг зөвлөдөг. Үүний зэрэгцээ харилцагчид маань өөр хоорондоо туршлага солилцож, бие биенээ эрсдэлээс сэргийлээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч харилцагчдад чиглэсэн арга хэмжээ, уулзалтуудыг тогтмол зохион байгуулдаг. “Би тэр компаниас ийм техник авсан”, “манайх гаднаас ийм технологи нэвтрүүлсэн” гэх мэт мэдээллийн солилцоо энэ салбарт маш чухал. Бидэнд ч хэрэгтэй байдаг. Энэ бүхэн хамтдаа хөгжих, буруу сонголт хийхээс зайлсхийх боломжийг бидэнд олгодог. Манай харилцагчид бүр Viber групп хүртэл үүсгэчихсэн. Тэндээ бараг нэг хамт олон шиг мэдээлэл солилцдог.
- Харилцагч компани нь өсөж дэвжинэ гэдэг бизнесийн түншлэлийн хамгийн чухал зүйл. Харилцагчдынхаа өсөлтийн түүхээс хуваалцаж болох уу?
- Ийм сайхан жишээ маш их бий. 18 жилийн өмнө хоёр самосвал авч бизнесээ эхлүүлсэн харилцагч маань уул уурхайн үндэсний оператор болтлоо өссөн байна. Техникийн тоо, парк шинэчлэл, технологи, ажиллагсдын тоо гээд бүх талаараа бидний нүдэн дээр өсөж байгааг харах үнэхээр бахархам. Яг ийм байдлаар нэгээс эхэлсэн ч нэрээ таниулсан олон харилцагч бий. Өсөж хөгжих бүхий л замналдаа бидэнтэй хамт байгаад нь талархдаг.
- Цаашид уул уурхайн бизнес эрхлэгчдэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх үү?
- Өнгөрсөн онд ХасБанк Тоног төхөөрөмжийн лизингийн төвөө шинээр байгуулсан. Зорилго нь уул уурхай, дэд бүтцийн салбаруудын онцлогийг ойлгож, тэдэнд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа. Мөн алтны салбарын харилцагчдадаа зориулан Монгол Улсын Сорьцын төвтэй ойр байрлалд биет алт худалдан авах Премиум салбар байгуулсан. Ингэснээр манай харилцагчид шаардлагатай бүх үйлчилгээгээ нэг дороос нэг мөчид авах боломж бүрдээд байна.
Уул уурхайн бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн чухал зүйл нь техникийн бүрэн бүтэн байдал. Уулын ажил зогсох ёсгүй. Техник 24 цагийн турш ажиллах шаардлагатай.
Гэтэл техник эвдрэх, сэлбэг үйлчилгээ шаардлагатай болох тохиолдол бас гардаг. Тиймээс бид борлуулалтын дараах сэлбэг хэрэгсэл, түлшний бэлэн байдлыг хангах санхүүгийн шийдлийг хөгжүүлж байна. Ялангуяа геополитик хурцдаж, шатахууны нийлүүлэлт таамаглах аргагүй болж байгаа энэ үед түлшний лизинг маш ач холбогдолтой.
Бидний зорьж байгаа бас нэг чухал чиглэл бол үйл ажиллагааны түрээс. Санхүүгийн түрээсийн хувьд хугацааны эцэст өмчлөл харилцагч руу шилждэг. Дийлэнхдээ ийм. Харин үйл ажиллагааны түрээс нь харилцагч тодорхой хугацаанд, жишээлбэл зургаан сарын турш түрээсээр техникээ ашиглаад буцаах нөхцөлтэй. Энэ төрлийн лизингийн үйлчилгээг суудлын автомашин, тоног төхөөрөмжүүд дээрээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
- “Түлшний лизинг” гэхээр сонирхолтой санагдаж байна? Яана гэсэн үг вэ?
- Уул уурхайн салбарын нийт зардлын 30-40 хувь нь шатахуун, түлшний зардал байдаг. Харин сэлбэг хэрэгслийн зардал 10-20 хувиар хэмжигддэг. Тиймээс бид энэ зардлууд дээр нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой байна. Ихэнх бизнес эрхлэгч зээл авахдаа үл хөдлөх хөрөнгөө барьцаалдаг. Үүнийг нь бид лизингээр дамжуулан шийдэх гэж байгаа. Түлш ханган нийлүүлэгч компаниудтай хамтран ажиллаж, харилцагчдынхаа ашиглаж байгаа техникүүдийг барьцаа болгон, түлшний хэрэгцээг нь санхүүжүүлнэ. Ингэснээр түлшний нөөц тасалдахгүй. Мөн түлшний төлөө хөрөнгөө барьцаалж, зээл авах шаардлагагүй болно.
- Хүмүүс лизингийг зээлтэй андуураад байдаг. Та банкны лизинг хариуцсан захирлын хувьд, энэ үйлчилгээний онцлогийг товч тодорхой тайлбарлахгүй юу?
- Санхүүгийн түрээс буюу та бидний хэлж заншсанаар лизингийн үйлчилгээ бол зээлээс тусдаа ойлголт. Хууль эрх зүйн зохицуулалт нь ч тусдаа байдаг. Лизинг бол харилцагчийн сонирхож буй бүтээгдэхүүнийг санхүүжүүлэгч байгууллага өөрөө худалдаж аваад, түүнийгээ тухайн харилцагчид түрээслүүлэх үйл явц. Энэ утгаараа түрээсийн харилцаанд тулгуурладаг. Үндсэн зарчим нь яг байрны түрээстэй ижил. Гэхдээ хугацааны эцэст өмчлөл харилцагчид шилждэг нь санхүүгийн түрээсийн гол ялгаа. Давуу тал нь зээлийг бодвол илүү хурдан хугацаанд, шат дамжлага багатайгаар шийдэгддэг. Өдөрт нь шийдчихээр хүмүүс заримдаа итгэдэггүй.
- Лизингийн үйлчилгээг нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэсэн шүү дээ. Ер нь энэ үйлчилгээ манай хөрсөнд хэдийд, яаж буусан юм бол?
- Лизингийн зах зээл манай улсад 1990 оны сүүлч, 2000-аад оны эхэн үеэс хөгжиж, судалгааны ажлууд эхэлсэн. Тухайн үед олон улсын санхүүгийн байгууллагууд ч хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэхийг зөвлөдөг байсан. Ингээд 2006 онд Монгол Улс “Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль”-тай болсон. Тэр үеийн хуулиар зөвхөн ХХК-иуд л энэ үйлчилгээг эрхлэх боломжтой байсан учраас “ХасЛизинг” ХХК-ийг байгуулж, лизингийн зах зээлийн түүхийг бичилцэж эхэлсэн юм.
Лизингийг хөгжүүлэх шаардлага үнэхээр их байсан. Нэг түүх хуваалцъя. Өмнө нь тоног төхөөрөмжийн дистрибьютер компаниуд борлуулалтаа ахиулахын тулд өөрсдөө зээл олгодог байсан. Яваандаа авлагууд нь огцом өсөөд худалдан авагчидтайгаа муудалцах, шүүхдэх үзэгдэл ихэссэн. Компаниуд бизнес, борлуулалтдаа анхаарахаас илүүтэй авлагаа яаж барагдуулах вэ гэдэг дээр төвлөрөөд ирэхээр үндсэн үйл ажиллагаа нь ч алдагдсан. Борлуулалт хийж ашиг олох ёстой компаниуд их хэмжээгээр зээл олгоод эхлэнгүүт эргэлтийн хөрөнгийн дутагдалд ч орсон байгаа юм.
- Тэгвэл дистрибьютерууд санхүүгийн үйлчилгээ үзүүлээд баларчээ дээ?
- Тийм. Хэдий бид 2006 онд “лизингийн хууль”-тай болсон ч хүмүүсийн мэдлэг ойлголт дутмаг л байгаад байсан. Тийм болохоор энэ байдал амар засраагүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралт, тухайн салбарын эрсдэлээс хамааран борлуулагч компаниудын олгосон зээл ихээр чанаргүйдсэн. Дистрибьютер компаниуд мэргэжлийн санхүүгийн байгууллага биш. Тиймдээ ч эрсдэлийг бүрэн тодорхойлж чаддаггүй. Хамтран ажилладаг нийлүүлэгч байгууллагууд маань “та нараас зөвлөгөө авъя” гэж ханддаг болсон. Ингээд бид зөвлөгөө авахаар хандсан компаниудынхаа зээлийн багцад нь шинжилгээ хийж, зарим харилцагчийг нь лизинг рүүгээ шилжүүлсэн.
Лизингтэй холбоотой гомдол маргааныг хэрхэн шийдвэрлэхээ хууль, шүүхийнхэн хүртэл мэддэггүй байсан. Тайлбарлахаар “үгүй ээ ялгаагүй л зээл юм биш үү” гэх хүн ч байлаа.
Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь санхүүгээ, борлуулагч нь борлуулалтаа хийе. Гол нь хамтаръя. Энэ их чухал гэдгийг хаа хаанаа ойлгосон. Энэ ажлыг бид маш богино хугацаанд хийж, дистрибьютер компаниудтай хамтрах хамтралаа шинэ түвшинд гаргаж байлаа.
Дараагийн нэг асуудал нь лизингтэй холбоотой гомдол маргааныг хэрхэн шийдвэрлэхээ хууль, шүүхийнхэн хүртэл мэддэггүй байсан. Тайлбарлахаар “үгүй ээ ялгаагүй л зээл юм биш үү” гэх хүн ч байлаа. Иймээс бид шүүгчдийн жил бүрийн кредит сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрт лизингийн үйлчилгээний талаар агуулга боловсруулж оруулсан. Удаа дараагийн сургалт зохион байгуулсан. Ингэж л бид лизингийн салбарын хөгжилд түүчээлж оролцсон.
- Та гүйцэтгэх удирдлагын хувьд ямар зарчим баримталдаг вэ? Ер нь энэ талбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
- Би ажил, амьдралынхаа 16 жилийг “ХасЛизинг”, “ХасБанк”-тай холбосон байна. Энэ хугацаанд дэлхийн брэндийг Монголд нутагшуулж буй олон компанитай ажиллалаа. Тэднээс бас маш их зүйл суралцлаа. Ер нь сайн нийлүүлэгч сайн брэнд оруулж ирдэг. Тэр сайн хөрөнгийг сонгож байгаа бизнес эрхлэгч ч гэсэн сайн харилцагч байдаг. Энэ их энгийн философи, энгийн стратеги. Бид дистрибьютер компаниудтай хамтарч ажилладгийг шалтгаан энэ. Нөгөөтээгүүр түрээсийн өмч баталгаатай, сэлбэг хэрэгсэл нь бэлэн, засвар үйлчилгээ нь сайн байх ёстой. Учир нь харилцагч түрээсийн хөрөнгөөрөө ажлаа хийж, эргээд бидэнд лизингийн төлбөрөө төлдөг.
Бас нэг чухал зарчим нь харилцагчийг өрийн дарамтаас сэргийлэх. Бид бүх харилцагчдаа “тийм” гэж хэлдэггүй.
Ялангуяа лизингийн үйлчилгээн дээр “тийм”, “үгүй” гэх хариултын аль алиныг хурдан шуурхай өгөхийг хичээдэг. “Үгүй” гэж хэлбэл шалтгааныг нь тайлбарладаг. “Та, таны бизнес тэнцэхгүй, шаардлага хангахгүй дээ биш. Гагцхүү ийм тооцоолол, ийм эрсдэл, шалтгааны улмаас та энэ удаадаа харзнаж, зардлаа зөв удирдах хэрэгтэй” гэх мэтээр зөвлөдөг. Энэ маань ч голцуу зөвдсөн байдаг. Өөрсдөө “нээрээ балрах байж шүү” гээд л холбогддог. Тэгэхээр санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд харилцагчидтайгаа илэн далангүй зөвлөлдөж ярилцдаг байх нь маш чухал. "Ямар шийдвэр гарсан талаар харилцагчтайгаа дор дор нь холбогдож хэлээрэй, шалтгааныг нь ил тод тайлбарлаарай" гэж залуу мэргэжилтнүүддээ байнга захиж хэлдэг. Ингэх нь бие биеэсээ хүлээх хүлээлтийг тодорхой болгож, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж байдаг.
- Цаашид лизингийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх боломж бий юу? Хэрэв бий бол бодлогын ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
- Монгол Улс уул уурхайн тоног төхөөрөмж, автомашин, техник хэрэгслийг үйлдвэрлэгч орон биш худалдан авагч, хэрэглэгч орон. Тиймээс бизнес эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжих шаардлагатай.
Ялангуяа уул уурхайн салбарынхан байнга шинэ технологи нэвтрүүлж, үнэтэй техник хэрэглэдэг. Тэдэнд шууд гадагшаа яваад бэлэн мөнгөөр техникээ оруулаад ирэх боломж хомс. Бодит байдал дээр ихэнх нь санхүүгийн үйлчилгээгээр, тэр дундаа лизингээр техникээ авдаг. Гэтэл санхүүгийн түрээсийн үйлчилгээн дээр нь НӨАТ ногдуулчихдаг.
Бодлогын хувьд зарим салбарын тоног төхөөрөмжийн борлуулалтыг НӨАТ-аас чөлөөллөө, дэмжлээ гэдэг ч лизингээр авах үед нь НӨАТ ногдуулчихаар ялгаагүй болчихдог. Энэ бол лизингийн үйлчилгээний онцлогийг бодлогын түвшинд бүрэн ойлгоогүй байгаагийн илрэл. Үүнийг л шийдээсэй гэж хүсэж байна.
- Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа.
Эх сурвалж: “Mongolian Economy” сэтгүүл, сайт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
