АНУ-ын эрх баригчид Ираны зэвсгийг Суданд нийлүүлж байсан иран гаралтай эмэгтэйг баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын холбооны прокурорууд Ням гарагт Лос-Анжелесын олон улсын нисэх буудалд Тегераны засгийн газрын өмнөөс Суданд зэр зэвсэг нийлүүлж байсан иран гаралтай эмэгтэйг баривчилжээ.

44 настай Шамим Мафи гэх энэ эмэгтэй нь “Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцнууд, бөмбөгнүүд, сая сая бууны сумыг Суданд зуучлан борлуулсан” хэрэгт буруутгагдаж байгааг прокурор Билл Эссайли сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Лос-Анжелес хотын захын Вүүдланд Хиллст амьдардаг Мафи нь 2016 онд АНУ-д байнга оршин суух хууль ёсны эрх авсан Ираны иргэн байжээ.

Хэрвээ түүний буруутай нь шүүхээр тогтоогдвол 20 жилийн хорих ял сонсох юм байна.

зураг
 
АНУ-ын прокурорын газраас нийтэлсэн Шамим Мафийн гэрэл зураг

Иргэний дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Африк тивийн Судан улс “бүрэн хэмжээний өлсгөлөн, сүйрэлд” унах эрсдэлтэй байгааг НҮБ саяхан анхааруулж байлаа.

Тус улсад засгийн газрын арми болон RSF (Rapid Support Forces) нэртэй зэвсэгт бүлэглэлийн хооронд дайн өрнөж байгаа юм.

Уг дайныг гадаадаас нийлүүлсэн зэр зэвсгийн тусламж дэмжлэг улам сунжруулж, хор хөнөөлийг нь нэмэгдүүлж байгаа гэдэг.

НҮБ өмнө нь гадаадын улс гүрнүүдэд дайныг дэмжихээ зогсоохыг удаа дараа уриалж байсан ч тодорхой нэг улсыг нэр заан буруутгаж байгаагүй юм .

Суданы армийг Египет, Саудын Араб улсууд дэмжиж, Турк, Иранд үйлдвэрлэсэн зэвсэг нийлүүлдэг гэсэн мэдээлэл бий.

Нөгөө талаас геноцид үйлдсэн хэрэгт буруутгагдсан RSF бүлэглэлийг Арабын Нэгдсэн Эмират улс дэмждэг гэх мэдээлэл байдаг ч тус улсын эрх баригчид үүнийг эрс няцаадаг юм.

 

Эх сурвалж: AFP