Оросыг газрын тосны хоригоос түр чөлөөлөх хугацааг АНУ-ын засаг захиргаа сунгасныг Зеленский шүүмжилжээ
Ойрх Дорнодын дайны улмаас зах зээлд үүссэн эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Трампын засаг захиргаа Оросын түүхий газрын тосны хоригийг түр хугацаанд цуцлах шийдвэр гаргасан нь дуусаж байгаа.
Ингэснээр далайд тээвэрлэгдэж яваа түүхий газрын тосоо Орос улс дэлхийн бусад улс орнуудад экспортлох боломжтой болсон юм.
Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын тал уг хоригийн чөлөөлөлтийг дахин нэг сараар сунгах шийдвэр гаргажээ.
Үүнээс хоёр хоногийн өмнө тус улсын сангийн сайд Скотт Бессент хоригоос чөлөөлөх хугацааг сунгахгүйг мэдэгдэж байсан ч ийнхүү эсрэгээрээ хэрэгжсэн юм.
Тэгвэл Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр сошиал хуудсандаа “Оросын газрын тосны төлөө төлсөн доллар бүр дайнд зориулагдаж байна” гэж шүүмжлэн бичсэн ч ийм боломж олгосон АНУ-ын нэрийг шууд дурдахаас зайлсхийсэн байна.
Түүний мэдээлснээр одоо Оросын газрын тосыг тээвэрлэж буй 110 гаруй хөлөг далайд хөвж байгаа гэнэ.
“Энэ бол $10 тэрбум буюу Украины эсрэг агаарын шинэ цохилтод шууд хувирах хөрөнгө юм” гэж Зеленский мэдэгджээ.
Зөвхөн өнгөрсөн долоо хоногт Оросын тал Украины хотууд руу нийт 2,360 гаруй нисгэгчгүй онгоц, 1,320 гаруй удирдлагатай бөмбөг, 60 орчим пуужингаар довтолсныг тэр мэдэгдэлдээ дурдсан байна.
Хамгийн сүүлд Ням гарагийн шөнө Украины хойд бүсийн Чернихов хот агаарын цохилтод өртөхөд 16 настай нэг хүү алагдаж, дөрвөн хүн шархаджээ.
“Оросын танкеруудыг зогсоож, боомтуудад газрын тос хүргэхийг нь хориглох чухал. Түрэмгийлэгчдийн газрын тосны экспорт буурах ёстой бөгөөд Украины урт хугацааны хориг арга хэмжээ энэ зорилт биелэх хүртэл үргэлжлэх болно” гэж Зеленский цааш мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
