АНУ-ын бүслэлтийг тойрч гарах гэсэн Ираны ачааны хөлгийг Оманы буланд хүчээр саатуулж, олзлон авснаа Трамп зарлав
АНУ-ын бүслэлтийг тойрч гарахыг завдсан Ираны далбаатай ачаа тээврийн хөлгийг Оманы буланд олзлон авснаа ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.
Зогсохгүй бол буудах анхааруулга өгсөн ч үл тоомсорлосон тул АНУ-ын байлдааны хөлгөөс пуужин харваж, хөдөлгүүрийн хэсгийг нь нүхэлсний дараа уг хөлөг зогссон гэнэ.
“Одоогоор АНУ-ын тэнгисийн цэргийнхэн уг хөлгийг хамгаалалтад аваад байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
Оманы булан нь Персийн булангаас Ормузын хоолойгоор дамжин задгай далайд хүрэх замд байрладаг Арабын тэнгисийн хэсэг.
Ормузын хоолойг Ираны тал хаасны хариуд АНУ-ын тэнгисийн хүчнийхэн энд бүслэлт үүсгэж, Ираны боомтуудын чиглэлд зорчиж буй ачаа тээврийн хөлгүүдийн хөдөлгөөнийг хаагаад байгаа юм.
Өчигдөр Трамп бас АНУ-Ираны шинэ яриа хэлэлцээ Даваа гарагт эхлэх гэж байгааг мэдэгдсэн байна. Хоёр улс 14 хоног дайны гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь Лхагва гарагт өндөрлөж байгаа юм.
Шинэ ээлжийн яриа хэлэлцээ нь уг хугацааг сунгах эсэхийг шийднэ.
Өнгөрсөн Баасан гарагт талууд дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг бүрэн нээхээр тохиролцсоноо зарлаж байв. Гэвч маргааш нь Ираны тал хоолойг буцаан хааж, түүгээр зорчиж байсан ачааны хөлгүүд рүү гал нээж эхэлсэн байна.
Тегераны эрх баригчид үүнийгээ Оманы хоолойд үүсгэсэн бүслэлтээ АНУ цуцлаагүйтэй холбон тайлбарлаж байлаа.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
