Энэ онд шинээр 1,046 цэгт 2,159 камер суурилуулахаар төлөвлөжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр барилгын салбар, тохижилт, камержуулалт, хийн халаалт, тендерийн явцын талаар танилцуулав.
- Нийслэлийн хэмжээнд 618 барилгад хяналт шалгалт хийж, хоёр барилгыг зогсоосон байна.
- Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нөхөн тарилтыг хийж, хог хаягдалгүй орчин бий болгох үүрэг чиглэлийн дагуу 2026 онд 3,062 мод бут, 424 метр урт ургамлан хашлага, 1.3 га зүлэгт талбайг нөхөн сэргээхээр тооцжээ.
- Уурын зуух болон хийн түлшинд шилжүүлэх ажлын явц өнөөдрийн байдлаар 3,950 өрхийг дулаалж, 2,717 өрхөд хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулж, 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг бүрэн дуусгана.
- Газар чөлөөлсөн талбайн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх хүрээнд Сэлбэ төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж, тээвэрлэж, цэвэрлэхээс 9 объектыг 100 хувь бүрэн дуусгалаа. Үүнээс гадна 5 айлын нэгж талбарыг бүрэн цэвэрлэж дууссан. Нийт ажлын гүйцэтгэл 57.2 хувьтай байна.
- 2026 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 3,346 цэгийн 6,655 ширхэг камерыг нэгдсэн болон дэд төвийн системд холбож байгаа бол хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбожээ. Энэ онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөр шинээр 1,046 цэгт 2,159 камер суурилуулж, системийн хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөсөн байна.
- Зөвшөөрөлгүй болон эвдэрч гэмтсэн, өнгө үзэмжгүй 27 самбарыг албадан буулгаж, 278 хаягийн зөрчлийг арилгахаар мэдэгдэл хүргүүлжээ.
- 2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 373 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээрээс 98 ажилд гэрээ байгуулах эрх олгосон бол 56 төсөл, арга хэмжээний тендерийн үнэлгээ хийгдэж байна. Мөн 151 төсөл, арга хэмжээнд тендерийн материал хүлээн авч байна.
Цаашид худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээнд хяналт тавьж ажиллах, орон сууцны хороолол дундах болон гэр хорооллын гудамж, явган хүний зам, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах, хүний хөгжил, соён гэгээрүүлэх чиглэлээр нийгмийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрчимжүүлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
