Австралид долоон сарын турш эрэн сурвалжлагдсан алуурчныг цагдаа нар буудан хөнөөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хоёр цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн хэргээр олон сарын турш эрэн сурвалжлагдаж байсан галт зэвсэгтэй этгээдийг буудан хөнөөснөө Австралийн цагдаагийн газар өнөөдөр өглөө мэдээлжээ.

Десмонд Фриман өнгөрсөн оны наймдугаар сард Викториа мужийн нэгэн эдлэн газарт цагдаа нарын амийг хөнөөснийхөө дараа ой мод руу зугтсан юм.

Сүүлийн долоон сарын турш цагдаа нар зэрлэг байгальд Фриманы араас хөөцөлдөхдөө нэлээд хүч хөрөнгө зарцуулсан нь Австралийн түүхэнд хамгийн томд тооцогдох эрэн сурвалжлах ажиллагаа болжээ.

“Десмонд Фриманыг эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд өнөөдөр өглөө Викториа мужийн зүүн хойд хэсэгт оршдог нэгэн эдлэн газарт цагдаа нар түүнийг буудаж хөнөөсөн байна” гэж орон нутгийн цагдаагийн газар сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

зураг
 

Фриман нь хуйвалдааны онолч, хуульд захирагдахгүй амьдрах хүсэлтэй “чөлөөт иргэд” хөдөлгөөний гишүүн байсан гэнэ.

Тэрбээр ан гөрөө хийж, зэрлэг байгальд амьдрах чадвар эзэмшсэн нэгэн байсан тул ийм удаан цагдаа нараас зугтаж чаджээ.

Фриманыг эрэн сурвалжлах ажиллагаанд нийт 450 гаруй цагдаа оролцсон байна.

56 настай “Дези” хочит Фриман өнгөрсөн оны наймдугаар сард Порепунка хэмээх жижиг тосгон дахь гэрт нь цагдаа нарыг ирэх үеэр гал нээж байжээ.

Тэрбээр 59 настай мөрдөгч Нил Томпсон, 35 настай цагдаагийн ахлагч Вадим Де Ваарт нарыг амийг хөнөөсөн юм. Энэ үеэр гурав дахь цагдаа биеийн доод хэсэгтээ шархадсан байна.

Тухайн үед цагдаа нар ямар шалтгаанаар Фриманы гэрт нэгжлэг явуулахаар очсоныг тайлбарлаагүй байгаа ч бэлгийн гэмт хэрэг болон хүүхдийн гэмт хэргийг мөрдөн байцаах багийн гишүүд оролцож байжээ.

Фриманыг баривчлахад тусалбал нэг сая австрали долларын ($685,000) шагнал амласан нь Австралийн түүхэнд хамгийн томд тооцогдох дүн юм.

Фриман өмнө нь автомашины хурд хэтрүүлсэн хэргээр шалгагдаж байхдаа цагдаа нарыг “нацистууд”, “гестапын гишүүд”, “террорист дээрэмчид” хэмээн цоллож байсныг шүүхийн бичиг баримт харуулж байна.

 

Эх сурвалж: AFP