Украин улс Персийн булангийн орнуудтай агаарын довтолгооноос хамгаалах чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулжээ
Украин, Катар улсууд пуужин, нисгэгчгүй онгоцны аюул заналын эсрэг хамтын ажиллагааг багтаасан батлан хамгаалах гэрээ байгуулснаа Бямба гарагт зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский урьдчилж зарлалгүйгээр Персийн булангийн орнуудад айлчилсан юм. Тэрбээр долоо хоногийн эхээр Саудын Араб улсад саатахдаа ижил хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
“Бид 10 жилийн хамтын ажиллагааны тухай ярьж байна. Бид Саудын Арабтай холбогдох гэрээнд гарын үсэг зурсан. Сая Катартай ижил төстэй гэрээ байгууллаа. Бас Арабын Нэгдсэн Эмират улстай 10 жилийн хугацаатай ийм гэрээ байгуулна” гэж Зеленский хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
Украин улс сүүлийн хэдхэн жилийн дотор тулаанд туршигдсан, хамгийн хямд, хамгийн үр дүнтэй, дэвшилтэт нисгэгчгүй онгоц эсэргүүцэх системийн дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч болсон юм.
Персийн булангийн орнуудтай туршлага мэдлэгээ хуваалцсаны хариуд Украин улс өөрийн эзэмшдэг өндөр зэрэглэлийн агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужинг авах хүсэлтэй байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Зеленский бас Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах үүргийг Украин улс гүйцэтгэж чадах эсэхийг судалж байгаа талаар мэдээлсэн юм.
Сэтгүүлчидтэй уулзахдаа Зеленский “Ердийн борлуулалт бидний сонирхол биш. Бид экспортлогчид орлого олдог, Украин улс дотоодын үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт татдаг системтэй харилцааг хүсэж байна” гэж хэлжээ.
Ойрх Дорнодод дайн эхэлсний дараахан Украин улс нисгэгчгүй онгоцны 200 гаруй мэргэжилтнээ Персийн булангийн орнуудад илгээсэн юм.
Тав дахь жилдээ үргэлжилж буй дайны турш Иран улс өөрийн дроныг технологийн хамт Орос улсад нийлүүлсэн бөгөөд өнөөдөр Оросын сайжруулсан хувилбарыг АНУ, Израилийн өдөөсөн дайнд ашиглаж байгаа.
Тиймээс уг зэвсгийг хэрхэн эсэргүүцэх арга туршлагыг дэлхий дээр Украинаас илүү сайн эзэмшсэн улс байхгүй болоод байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
