“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлсон 17 дахь удаагийн чуулган амжилттай болж өндөрлөлөө
Улаанбаатар хотноо 2026 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд геологийн салбарын хамгийн том индэр болох "Монголын Геологи, Хайгуул-2026" (MMER 2026) 17 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн "Корпорейт Конвеншн Төв"-д амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны (МҮГХ) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцан зохион байгуулагдсан энэ удаагийн арга хэмжээ нь салбарын ололт амжилт, тулгарч буй сорилтуудыг хэлэлцсэн чухал үйл явдал болов.
Хариуцлагатай хайгуул
Энэ жилийн чуулган “Хариуцлагатай хайгуул” сэдвийн дор өрнөж, салбарын ил тод байдлыг хангах, бүх оролцогч талуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх асуудлуудыг онцоллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням чуулганыг нээж, “Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчин” сэдвээр үндсэн илтгэл тавьсан юм. Тэрээр салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон төрөөс баримталж буй бодлогын талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Олон улсын зочин илтгэгчид болон шинэлэг сэдвүүд
Чуулганд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, өөрсдийн мэдлэг туршлага, технологийн шийдлүүдээсээ хуваалцсан нь онцлох үйл явдал байлаа. Үүнд:
- Линн Олссен (CRIRSCO-ийн дэд дарга, Рио Тинто): “CRIRSCO ба түүний Монгол улсад үзүүлэх ач холбогдол” сэдвээр илтгэл тавьсан.
- Ламберт Леонг (IMDEX Limited): “Бодит цагийн горимд дөхөхүйц ухаалаг шийдвэр, асуултад тулгуурласан хариуцлагатай хайгуулын тухай” танилцуулсан.
- Андрей Фирсов (SCAN AERO): Соронзон хайгуулын шинэ стандарт аргачлал болох агаарын соронзон томографын талаар мэдээлэл өгсөн.
- Билл Базенер (Geospatial Technology Associates): Хайгуулын геологид хайперспектрын зургийн спектроскопи болон OreVision спектрын зураглал ашиглах талаар хөндсөн.
- Армель Клоппенбург (4DGeo): Эрдэнэтийн хүдрийн дүүргийн шилжилтийн бүс болон Оюутын зэс-порфирийн ордын структурын системчилсэн судалгааг танилцуулсан.
- Уильям Чианг (Seequent): “Геологийн 3 хэмжээст загвараас Геотехникийн шийдэлд” сэдвээр илтгэл тавьсан.
Салбарын шилдгүүд
Чуулганы хүрээнд геологийн салбарын залгамж халааг дэмжих зорилгоор Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг энэ жилээс эхлэн Доктор (PhD) М.Очирбатын нэрэмжит болгон зохион байгууллаа. Мөн мэргэжилтнүүдийн дунд "Зураглалын шилдэг баг", "Сэдэвчилсэн судалгааны шилдэг баг", "Хайгуулын шилдэг баг" зэрэг 8 төрлөөр шагналуудыг гардуулсан юм.
Түүнчлэн олон нийтэд зориулсан дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдсан:
- “Мэргэжил сурталчлах үзэсгэлэн”: Олон нийтэд нээлттэй, тэнцвэртэй мэдээлэл өгөх зорилготой.
- “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд”: Гэрэл зургийн үзэсгэлэн.
- “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”: Үзэсгэлэн.
Чуулганы дараа Доктор Армель Клоппенбург Эрдэнэт хотод "Структур геологийн онол практик хосолсон экскурс" сэдвээр тусгай сургалтыг удирдан явууллаа.
Ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлье
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажилласан бүх ивээн тэтгэгч байгууллагууддаа дахин талархал илэрхийлье.
Чуулга уулзалтын үр дүнд Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарын хариуцлагатай хайгуул, тогтвортой хөгжил чухал болохыг оролцогчид онцлов. Инновац, хамтын ажиллагаа, мэдлэг солилцоо нь Монголыг дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн эгнээнд байхад чухал үүрэг гүйцэтгэнэ. "Монголын Геологи, Хайгуул" чуулга уулзалт нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйн хөгжлийг чиглүүлэх гол арга хэмжээ хэвээр байж, Монголын геологийн салбарын хөгжлийг дэмжих хамгийн том индэр гэдгээ дахин бататгав.
Зохион байгуулагч: Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо (МҮГХ)
Дэлгэрэнгүй мэдээллийг:
- Вэбсайт: www.mmer.mn
- Fb: www.facebook.com/MMERoundUp
- И-мэйл: hello@monseg.mn
- Утас: 88122959, 99051281, 99030960
Ирэх жилийн "Монголын Геологи, Хайгуул" чуулга уулзалтаар эргэн уулзацгаая!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
