Саудын Арабын баазад Ираны дрон халдах үеэр АНУ-ын радарын нисэх онгоц сүйрснийг гэрэл зураг харуулжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын нутагт оршдог АНУ-ын агаарын бааз Ираны цохилтод өртөх үеэр хэд хэдэн нисэх онгоц гэмтэж, арав гаруй цэрэг шархадсан тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл АНУ-ын зэвсэгт хүчинтэй холбоотой мэдээ түгээдэг Фэйсбүүк хуудас өчигдөр E-3 Sentry радарын нисэх онгоц дундуураа хоёр хуваагдсаныг харуулсан гэрэл зургийг нийтэлжээ.

зураг
 

Уг гэрэл зургийг Саудын Арабын нийслэл Рияад хотоос зүүн өмнө зүгт 100 км зайд оршдог “Prince Sultan Air Base” баазад авсныг мэргэжилтнүүд шинжилж тогтоосон байна.

АНУ-ын цэргийн төв тойргийн командлал одоогоор уг баазад учирсан хохирлын талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа.

Баасан гарагт “Prince Sultan Air Base” агаарын цохилтод өртөх үеэр АНУ-ын цэргийн 12 алба хаагч шархадсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээлэл бий.

Үүнээс гадна байлдааны нисэх онгоцнуудыг агаарт шатахуунаар цэнэглэдэг доод тал нь хоёр онгоц гэмтсэн байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлжээ.

Boeing компанийн үйлдвэрлэсэн E-3 Awacs (Airborne Warning and Control System) бол Boeing 707 агаарын хөлөг дээр суурилан бүтээгдсэн тандалт, хяналтын нисэх онгоц юм.

Түүний эх бие дээр том дугуй хэлбэртэй эргэлдэгч радар байрладаг. Энэ нь болзошгүй аюулын талаар эрт сэрэмжлүүлэг өгөхийн тулд алс хол зайд байгаа дайсны байг илрүүлэх, хянах үүрэгтэй ажилладаг байна.

Ийм загварын анхны нисэх онгоц 1977 онд ашиглалтад орсон бөгөөд 2035 он хүртэл АНУ-ын агаарын зэвсэгт хүчинд ашиглагдах төлөвлөгөөтэй байдаг ажээ.

 

Эх сурвалж: BBC