Газрын тосны үнэ $120 хүрвэл Өмнөд Солонгос улс хувийн автомашинуудын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт тогтооно
Ойрх Дорнодын дайны улмаас газрын тосны үнэ өсөж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн Лхагва гарагаас төр захиргааны автомашинуудын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт тогтоосон юм.
Уг хязгаарлалтаас цахилгаан, ус төрөгчийн хөдөлгүүртэй автомашинууд, хөгжлийн бэрхшээлтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг тээвэрлэдэг автомашинууд чөлөөлөгдөж байгаа.
Харин хувийн тээврийн хэрэгслүүд уг хязгаарлалтад сайн дурын үндсэн дээр хамрагдахаар болсон.
Тэгвэл Ням гарагт тус улсын сангийн сайд Ку Юн Чол хэрвээ газрын тосны баррель тутмын үнэ дэлхийн зах зээлд $120-оос дээш өсвөл хувийн автомашинуудыг дугаарын хязгаарлалтад албадан хамруулж болзошгүйг мэдэгджээ.
“Хэрвээ хямрал гуравдугаар түвшинд шилжиж, газрын тосны үнэ цаашид өсөх магадлалтай болбол эрэлтийг хязгаарлах нь зайлшгүй” гэж тэр хэлсэн байна.
Өмнөд Солонгос улс дөрвөн түвшнээр хямралын зэрэглэлийг тогтоодог. Газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор тус улсын засгийн газар гуравдугаар сарын 18-ны өдрийн 3:00 цагаас “Анхааруулга” буюу хоёрдугаар түвшинд шилжсэн юм.
“Одоогоор газрын тосны үнэ $100-$110-ын хооронд хэлбэлзэж байна. Хэрвээ $120-$130 завсарт хүрвэл засгийн газар түвшнээ ахиулах асуудлыг авч үзэх болно” гэж Ку Юн Чол хэлжээ.
Одоо тус улсад ажлын таван өдөр тээврийн хэрэгслүүдийг дугаарын сүүлийн орноор хязгаарлах журам үйлчилж байгаа.
Амралтын өдрүүдэд уг хязгаарлалт үйлчилдэггүй.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт Өмнөд Солонгост өмнө нь хэрэгжиж байсан түүхтэй. Тухайлбал 1970-аад оны газрын тосны хямралын үеэр наймаас дээш цилиндртэй тансаг ангиллын автомашинуудын хөдөлгөөнийг хориглож байв.
1991 онд Персийн булангийн дайны үеэр 10 өдрийн ээлжтэй дугаарын хязгаарлалт хоёр сарын хугацаанд үйлчилж байжээ.
Дараа нь 1990-ээд оны сүүлээр Азийн эдийн засгийн хямрал тохиоход тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг дугаарын тэгш сондгойгоор хязгаарлах талаар ярилцаж байсан ч хэрэгжүүлээгүй өнгөрч байв.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
