Украины нисгэгчгүй онгоцнууд Балтийн тэнгисийн эрэг дэх Оросын экспортын том боомтод хоёр дахь удаагаа довтолжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Украины нисгэгчгүй онгоцнууд Балтийн тэнгисийн эрэг дэх Оросын томоохон экспортын боомт Усть-Лугад хэдхэн хоногийн дотор хоёр дахь удаагаа довтолж, шинэ хохирол учруулсныг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт уг боомт өөр нэг томоохон боомт Приморскийн хамт бас агаарын цохилтод өртөж, их хэмжээний хохирол амсаж байсан юм.

“Усть-Луга боомтод хохирол учирсан. Хүний амь нас эрстээгүй” гэж бүс нутгийн захирагч Александр Дрозденко сошиал хуудсаараа мэдээлжээ.

Оросын газрын тос, бордоо, нүүрсний экспортын гол боомтод гарсан галыг унтраахаар ажиллаж байгаагаа тэр бас мэдээлсэн байна.

Ням гарагийн шөнө Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем бүс нутгийг нь чиглэсэн Украины 36 нисгэгчгүй онгоцыг унагасныг Дрозденко энэ үеэр баталжээ.

Украины аюулаас хамгаалах албаныхан Усть-Луга боомтод халдсанаа хүлээсэн байна.

“СБУ нь батлан хамгаалах хүчний хамт дайсны санхүү, ложистикийн чадавхыг бууруулах системтэй ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна. Орос улс түрэмгийллийнхээ төлөө өндөр үнэ төлөх ёстой” гэж Украины аюулаас хамгаалах албаны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Евгений Хмара мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Украины тал нийтдээ дөрвөн удаа Балтийн боомтуудад халдсаныг тэр баталсан байна.

Даваа гарагт үйлдсэн өмнөх халдлагын улмаас гарсан галын утаа одоо ч унтраагүй, утаа нь хиймэл дагуулаас авсан зургаас харагдаж байгаа.

Ойрх Дорнодын дайны улмаас дэлхийн зах зээлд газрын тос, бордооны үнэ нэмэгдэж, энэ нь Оросын эрх баригчдад дайнаа үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломж олгосон юм. Украины тал энэ боломжийг нь бууруулахын тулд сүүлийн үед тус улсын экспортын боомтуудыг чиглэсэн халдлагаа улам эрчимжүүлээд байна.

Өчигдөр Оросын тал бас Украины хотуудыг чиглэсэн агаарын довтолгоогоо үргэлжлүүлжээ.

Тухайлбал Оросын талаас 442 нисгэгчгүй онгоц, нэг пуужин харвасны 380-ыг нь устгаснаа Украины агаарын зэвсэгт хүчнийхэн Ням гарагт мэдээлсэн байна.

Дорнод Украины Краматорск хотод үүний улмаас гурван хүн алагдсаны нэг нь 13 настай хүү байжээ. Эдгээрээс гадна 20-85 насны долоон хүн шархдаж, хэд хэдэн орон сууц гэмтсэнийг Киевийн хяналтад байгаа Донецк мужийн захирагч Вадим Филашкин мэдээлсэн байна.

Өмнөд Украины Миколаев хотын тоглоомын талбай Оросын дроны цохилтод өртсөний улмаас 10 хүн шархадсаны найм нь хүүхдүүд байсныг орон нутгийн захиргаа мэдээлжээ. Тэднээс 13 настай охин эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

 

Эх сурвалж: AFP