Пакистан энхийн яриа хэлэлцээ зохион байгуулах болсноо зарлаж, АНУ-ын явган цэргүүдийг галаар угтахаа Иран амлалаа

Т.Давааням, ikon.mn
1 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ, Ираны хооронд дайныг дуусгах яриа хэлэлцээг зохион байгуулахаар болсноо Пакистаны эрх баригчид Ням гарагт зарлажээ.

Гэвч дайтагч талууд үүнийг батлаагүйгээс гадна уг яриа хэлэлцээ шууд болон шууд бус аль хэлбэрээр зохион байгуулагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна

“Иран, АНУ хоёрын аль аль нь яриа хэлэлцээнд зуучлах итгэл хүлээлгэсэнд Пакистан улс баяртай байна. Бид ойрын өдрүүдэд хоёр талын хооронд утга учиртай яриа хэлэлцээг зохион байгуулах болно” гэж Турк, Египет, Саудын Арабын гадаад хэргийн сайд нартай Исламабад хотод уулзсаныхаа дараа тус улсын гадаад хэргийн сайд Исхак Дар мэдэгджээ.

Өмнө нь Ираны парламентын спикер Мохаммад Багер Калибаф уг Пакистаны зарласан уулзалтыг Ойрх Дорнодод ирсэн АНУ-ын хуурай замын 2,500 явган цэргээс анхаарал сарниулж, халхавчлах гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрбээр Ираны зэвсэгт хүчин “Америкийн цэргүүдийг галаар угтаж, бүс нутгийн түншүүдийг нь үүрд шийтгэхээр хүлээж байна” гэж анхааруулжээ.

Өчигдөр Израиль улс Ираны их дээд сургуулиудад агаараас довтолсноо тэдгээрийг Тегераны дэглэм цөмийн судалгаа, хөгжүүлэлтэд ашигладаг гэсэн үндэслэлээр зөвтгөсөн юм.

Хариуд нь Исламын Хувьсгалт Гвард их сургуулиуд руу довтлохоо зогсоохгүй бол Израилийн болон бүс нутаг дахь АНУ-ын их сургуулиудыг хууль ёсны бай болгохоо анхааруулжээ.

“Хэрвээ АНУ-ын засаг захиргаа бүс нутаг дахь сургуулиудаа аюулаас хол байлгахыг хүсэж байвал Ираны их сургуулиудыг бөмбөгдсөн үйлдлийг Даваа гарагийн үд дундаас өмнө буруушаах ёстой” гэж тэд мэдэгдсэн байна.

АНУ-ын Жоржтаун, Нью-Йорк, Нортуэстерн зэрэг хэд хэдэн коллеж Катар, Арабын Нэгдсэн Эмират улсуудад өөрийн салбартай юм.

Хоёр дахь сардаа орсон Ойрх Дорнодын дайны хохирлын хэмжээ өссөөр байна. Зөвхөн Ливан улсад 1,200 гаруй хүн Хезболла зэвсэгт бүлэглэлийг чиглэсэн Израилийн агаарын цохилтод амь үрэгджээ. Ираны эрх баригчид 1,900 гаруй иргэн, Израиль улс 19 иргэн нь дайн эхэлсэн цагаас хойш амиа алдсаныг тус тус мэдэгдээд байна.

Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд мөргөлдөөнд оролцож эхэлсний улмаас Ирак улсад 80 орчим цэргийн алба хаагч амь үрэгджээ.

Персийн булангийн орнуудад нийт 20 хүн амь үрэгдсэн бол Палестины газар нутаг Йордан голын баруун эрэгт дөрвөн хүн алагдсан байна.

Өнгөрсөн хугацаанд АНУ-ын 13 цэргийн алба хаагч Ираны агаарын цохилтод амь үрэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press