Nestlé компани 400,000 гаруй ширхэг KitKat шоколад ачсан автомашин замаасаа хулгайлагдсаныг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Швейцарын хүнсний аварга үйлдвэрлэгч Nestlé компани их хэмжээний KitKat шоколад тээвэрлэж явсан ачааны автомашин замаасаа хулгайлагдсаны улмаас Улаан өндөгний баярын үеэр Европын зах зээлд хомсдол үүсэж болзошгүй болсныг Бямба гарагт мэдээлжээ.

Тус бүтээгдэхүүний шинэ цуврал болох 413,793 ширхэг шоколад буюу 12 тонн орчим ачаатай автомашин өнгөрсөн долоо хоногт үйлдвэр, түгээлтийн цэгүүдийн хооронд зорчиж байгаад хулгайлагдсан юм байна.

“Бид КитКатыг идэхээ завсарлахыг хүмүүст байнга уриалдаг байсан. Гэхдээ хулгайч нар энэ уриалгыг хэтэрхий шууд утгаар нь ойлгосон бололтой. Үүний улмаас дэлгүүрүүдийн лангуун дээр КитКат ховордож, Улаан өндөгний баярын үеэр хүмүүс дуртай шоколадаа олоход бэрхшээлтэй тулгарч болзошгүй боллоо” гэж тус брэндийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Хулгайд алдагдсан автомашин Италийн төв хэсгээс Польш улсыг чиглэж явсан бөгөөд зам зуур бусад улсуудад бүтээгдэхүүнээ түгээх төлөвлөгөөтэй байсан гэнэ.

“Орон нутгийн эрх баригчид болон нийлүүлэлтийн сүлжээний түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байгаа ч алдагдсан автомашин болон түүний ачаанаас сураг гараагүй байна” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

Алдагдсан бүтээгдэхүүн нь Европ даяар албан бус сүлжээгээр борлогдож магадгүйг Nestlé анхааруулсан байна.

Тиймээс шоколадны баар кодыг хэрхэн шалгах, хулгайд алдагдсан нь тогтоогдвол хэрхэн мэдээлэх зааврыг тус компани олон нийтэд тараахаар болжээ.

 

Эх сурвалж: AFP