Дональд Трамп: АНУ-ын дараагийн бай Куба байх болно
Баасан гарагт Флорида мужид зохион байгуулагдсан “Future Investment Initiative Priority Summit” арга хэмжээнд үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн улсын зэвсэгт хүчний сүр хүчийг гайхуулан ярьсан байна.
Тэрбээр нэгдүгээр сард Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилсан ажиллагааныхаа талаар ярихдаа “Би Венесуэлд орохдоо ‘хүч чадлаар дамжуулан энх тайван тогтоох кампанит ажил явуулна’ гэж хэлж байлаа. Би энэ аугаа армийг байгуулахдаа ‘хэзээ ч ашиглах шаардлага гарахгүй’ гэж хэлж байсан. Гэхдээ заримдаа үүнийг ашиглах хэрэгтэй болдог” гэж хэлжээ.
Дараа нь тэр “Ташрамд дурдахад Куба дараагийнх нь байх болно. Гэхдээ намайг ингэж хэлснийг битгий мэдээлээрэй. Хэвлэл мэдээллийнхээн, үүнийг алгасаарай” гэж албан бус өнгөөр хэлсэн байна.
Трамп энэ үеэр бас Иран улстай дайн дуусгах яриа хэлэлцээ үргэлжилж, Тегераны эрх баригчид “гэрээ байгуулахыг гуйж байгаа” талаар ярьжээ.
Өмнө нь яриа хэлэлцээ эхэлснийг үгүйсгэж байсан Ираны тал дараа нь энэ алдаагаа засахын тулд газрын тос ачсан 10 хөлгийг Ормузын хоолойгоор нэвтрүүлснийг Трамп баталсан байна.
Ираны шинэ удирдагч Аятолла Можтаба Хаменигийн талаар тэр “Тэдний удирдагчид үхсэн. Тэдний дээд удирдагч одоо ямар ч дээд удирдагч байхаа больсон. Түүний хүүгээс сураг гарахгүй байгааг бодвол тэр нэг бол үхсэн, эсвэл биеийн байдал нь маш муу байгаа байх. Тэр энэ бүхнээс хол байхыг хүсэж байгаа гэж би бодож байна” гэж ярьжээ.
Трамп энэ үеэр бас НАТО-гийн холбоотнуудад бухимдаж байгаагаа дахин илэрхийлсэн юм.
“Би НАТО-д маш их сэтгэл дундуур байна. Би НАТО-г цаасан бар гэж үргэлж хэлдэг байсан. Бид НАТО-д үргэлж тусалдаг ч тэд бидэнд тусалдаггүй” гэж АНУ-ын ерөнхийлөгч гомдолложээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
